Буянт-Ухаа спорт ордонд Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн 4 дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эмэгтэй 53, 57, 62, 65, 72 кг-ийн барилдаануудтай.
53 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Батхуягийн Хулан хэсгийн эхний барилдаандаа өнгөрсөн жилийн Ослогийн дэлхийн аварга, Японы 18 настай шинэ од Акари Фүжинамид 0:10-аар дийлдэв. Түүний хувьд хэсгийн сүүлийн барилдаанаа Энэтхэгийн Санжай Шиндэтэй хийх бөгөөд түүнийг ялбал хагас шигшээд шалгарна.
Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Болдсайханы Хонгорзул 1/4 шигшээд “Токио-2020” олимпын наадмын мөнгөн медальт, дэлхийн хоёр, Азийн дөрвөн удаагийн аварга Кыргызстаны алдарт Айсулуу Тыныбековатай хийж 3:7-гоор ялагдлаа. Айсулуу хагас шигшээд Узбекистаны Набира Эсенбаеваг ялсан тохиолдолд манай бөх хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно.
57 кг-д өнгөрсөн жилийн Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа хэсгийн эхний барилдаандаа Казахстаны Нулифар Раймоватай хийж, ялалт байгууллаа. Түүний дараагийн өрсөлдөгч нь БНСУ-ын Ким Хён Жу.
65 кг-ын жинд таван бөх тойргоор барилдаж байгаа бөгөөд 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн Казахстаны Дарига Абенийг цэвэр ялснаар гараагаа амжилттай эхлүүлэв. Тэрбээр дараагийн тойрогт 2021 оны Ослогийн ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга Мива Морикаватай барилдана.
Сэтгэгдэл ( 0 )