Энэ сарын 19-24-нд Улаанбаатарт Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болж байна. Энэ тэмцээний нэгэн супер од нь Японы шигшээ багийн 53 кг-ын жингийн Акари Фүжинами байлаа.
Тэрээр Улаанбаатарт эхний барилдаанаас эцсийн барилдаан хүртлээ өрсөлдөгч нартаа нэг ч оноо алдсангүй түрүүллээ. Өнгөрсөн жилийн Ослогийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 53 кг-д түрүүлэхдээ мөн илт давуу барилдаж, бүх өрсөлдөгчөө цэвэр ялахдаа 4 барилдаанаа 41:0 оноогоор дуусгасан билээ.
Энэ удаагийн Азийн АШТ-ийг Акари 4 барилдахдаа мөн 41-0 өндөрлүүллээ. Энэ тэмцээнд түрүүлснээр Фүжинами 2017 оноос эхэлсэн ялагдаагүй цувралаа 97 ялалт болгон үргэлжлүүллээ.
2017 онд дунд сургуулийн улсын аваргын тэмцээний 44 кг-ын жингийн финалд ялагдсанаасаа хойш тэр гадаад, дотоодын 19 тэмцээнд түрүүлсэн. Акари 18 настай.
Түүнтэй медаль гардуулах ёслолын дараа уулзаж, товч ярилцлаа.
-Азийн аварга боллоо. Баяр хүргэе.
-Баярлалаа. Би анх удаа Азийн аваргын тэмцээнд оролцож байна. Өмнө нь тивийн аваргыг алгасаад Дэлхийн аваргад оролцож түрүүлсэн. ДАШТ-ий дараах анхны гадаад дахь тэмцээн байлаа.
-Таны дараалсан ялалт 97-д хүрлээ. Сэтгэгдэл ямар байна?
-Дэлхийн аварга болсноос хойш өрсөлдөгч нар миний барилдааныг их судласан нь мэдэгдэж байлаа. Гэхдээ ийм нөхцөлд ч сайн барилдаж, түрүүлж чадсандаа баяртай байна.
-Алдарт Каори Ичё таны багш. Багшдаа түрүүлсэнээ хэлж амжсан уу?
-Амжаагүй байгаа.
-Гадаадын бөхчүүдэд огт ялагдаагүй, ер нь энэ жинд танд өрсөлдөгч байхгүй гэж зарим шинжээч ярьж байна.
-Хүчтэй сайн тамирчидтай улам их барилдаж, өрсөлдөхийг хүсдэг.
-Дараагийн зорилго?
-Хамгийн ойрын тэмцээн бол зургаадугаар сард болох Бүх Японы аварга шалгаруулах тэмцээн. Энэ тэмцээнд түрүүлэх нь ойрын зорилго. Байнга дэлхийн дээд түвшинд барилдах зорилготой болохоор амжилтдаа сэтгэл ханаж болохгүй. Маргаашнаас бэлтгэлээ улам сайн хийж эхлэх болно.
Сэтгэгдэл ( 0 )