“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээн "Буянт-Ухаа" спортын ордонд тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаан явагдаж байгаа билээ.
65 кг-ын жинд Казахстан, Кыргызстаны бөхчүүдийг дараалан ялаад байсан ОУХМ Ц.Цогбадрах хагас шигшээд өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аварга Ираны Рахман Амузадхалилид 0:6-гаар ялагдлаа.
Мөн 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн 1/2 шигшээд өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ий мөнгөн медальт, 23 хүртэлх насны дэлхийн аварга Кыргызстаны Эрназар Ахматалиевтт 6:12-оор дийлдэв. Ингэснээр манай бөхчүүд хүрэл медалийн төлөө барилдана.
57 кг-ын жинд 2017 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Занабазар хагас шигшээд Токиогийн олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Рави Кумартай хүч үзлээ. Тус барилдаанд манай бөх дэлхийн шилдгүүдийн нэгтэй тун боломжийн барилдаж 5:12-оор ялагдлаа. Ингэснээр З.Занабазар орой 18:00 цагт хүрэл медалийн төлөө Японы Рүкито Арайтай барилдахаар болов.
79 кг-д Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Э.Бямбадорж тэгшитгэлд Кувейтийн Абдуллах Хайдарыг оноогоор цэвэр (10:0) ялснаар шөвгийн наймд шалгарч, Ираны бөхөд ялагдсан. Орой 18.00 цагаас Японы Такахашитай хүрэл медалийн төлөө барилдана.
Сэтгэгдэл ( 0 )