Сонгомол барилдаан, чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотын Буянт-Ухаа ордонд өндөрлөлөө. Тивийн аваргад зодоглохоор ирсэн бөхчүүдийн дунд тэмцээнийг чимсэн бөхчүүдийн нэг нь Японы Рэй Хигүчи байлаа. 2016 оны Риогийн олимпын мөнгөн медальт, 2017 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, 2018 оны U23 дэлхийн аварга Хигүчи Улаанбаатарын Азийн аваргад торолгүй түрүүллээ. Тэрээр 4 барилдахдаа бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялсан юм.
Түүнтэй шагнал гардуулах ёслолын дараа уулзаж, товчхон ярилцлаа.
-Азийн аварга болсонд баяр хүргэе. Ямар ч асуудалгүй, илт давуу түрүүллээ.
-Тэмцээний өмнөөс л дайрч, довтлон өөрийнхөөрөө л барилдана гэж шийдсэн байсан. Энэ удаагийн тэмцээнд довтолгоо болгон минь амжилттай болсонд баяртай байгаа.
-Та 2016 онд олимпын мөнгөн медаль хүртэж байсан ч Азид бол анх удаагаа тэргүүлж байна.
-Тиймээ, Тивийн аваргаар 2017 онд 61 кг-д хүрэл медаль хүртэж байсан.
-Рио олимпод 57 кг-ын жинд Гүржийн Владимир Хинчегашвилид ялагдаж, мөнгөн медаль дээр бууж байсан. Хинчегашвили зодог тайлсан байгаа. Хоёр жилийн дараах Парисын олимпод таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн гэж бодож байна вэ?
-Гадаадын тамирчдаас илүү япон тамирчдаа өрсөлдөгч гэж нэрлэмээр байна. Японд хөнгөн жингийн хүчтэй бөх маш олон бий. Дотооддоо ялж чадвал дэлхийд ч түрүүлж чадна гэж боддог болохоор юуны өмнө Япондоо түрүүлэхийн тулд ур чадвараа улам сайжруулан, хичээх бодолтой байгаа.
-Та 57, 61, 65 кг-ын жинд аль алинд нь барилддаг. Олон тэмцээнд орж байсан. Танд хамгийн таарсан жин нь ямар жин бэ?
-Хамгийн таарч байгаа нь 61 жин ч Парисын олимпод оролцохын тулд 57 кг, 65 кг-ын аль нэгийг сонгохоос өөр аргагүй. Ямар ч жинд барилдсан хамаагүй, бэлтгэлээ л сайн хийнэ.
-Жин нэмсэн нь танд дээр үү, хассан нь илүү юу?
-Аль аль нь л хэцүү. Яг ямар жинд барилдах нь нууц.
-Дотоодын өрсөлдөгч их гэж хэлсэн. Нэрлэвэл?
-65 кг-д бол олимп, дэлхий, Азийн аварга Отогүро Такүто байна. Мөн Ямагүчи Кайки. 57 кг –д дэлхий, Азийн хүрэл медальт Хасэгава Тошихиро. Тэднийг ялахын тулд бэлтгэлээ сайн хийнэ.
-Та одоо 26 настай. Хоёр жилийн дараа 28 нас, яг ид үедээ Парис олимпод оролцох нь.
-Тиймээ, яг өөрийгөө жинхэнэ харуулж, хүч чадлаа гаргаж чадах нас гэж бодож байгаа болохоор олимп болтол ур чадвараа ахиулахаар хичээх болно.
-Амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )