Өнөөдөр олимпийн 3, дэлхийн 10 удаагийн аварга, бүх цаг үеийн шилдэг хаалгач, XX зууны шилдэг хоккейч, Төрийн ДУМ-ын депутат В.Третьяк 70 насныхаа ойг тэмдэглэж байна.
Эх орныхоо нэрийг мөсөн талбайд гаргаж явсан тэрбээр одоо төрийн зүтгэлтэн, том улс төрч болжээ. Ингээд түүний амьдралын дүрмийг танилцуулья.
“Би аавынхаа ачаар өдий зэрэгт хүрсэн. Аав минь цэргийн нисгэгч, нисэх хорооны дарга, тун хатуу хүн байсан. Би өглөө болгон 8 цагт босон, дасгалаа хийнэ. Дараа нь аав тэр өдөрт миний хийх ёстой ажлын жагсаалтыг өгдөг байлаа. Дэлгүүр явах, ногооны хашаа цэвэрлэх гээд л. Хийхгүй бол суран бүсний амт үзнэ. Аавдаа гомдох үе байсан ч одоо бол баярлалаа гэж хэлдэг. Түүний ачаар би 21 жил тоглохдоо нэг ч бэлтгэл таслаж үзээгүй”
“Эр хүний хамгийн гол чанар бол сахилга бат, хариуцлага, хүн чанар”
“Хүн болгон байгалиас заяасан авьяас чадвараа бүрэн гүйцэд ашиглахын төлөө тэмцэх ёстой”
“Эх орныхоо төлөө тоглох нь миний хувьд хамгийн өндөр нэр хүнд байлаа. Одоогийн хүүхдүүдээс асуухаар “Нью-Йорк Рейнжерс”, “Калгари”-д тогломоор байна гээд ОХУ-ын шигшээ баг гэж хэн нь ч дурсахгүй нь харамсалтай”
“Би ЗХУ-аас зугтаад NHL-ийн багт тоглохыг хүсээгүй. Гэрбүлийн хүмүүжил нөлөөлсөн. Канад, Америкаас ирсэн урилгад “Хэрэв зөвшөөрөл өгөх юм бол явна” гэж хариулдаг байлаа”
“Хүссэн бүх сурвалжлагчид ярилцлага өгдөг байсан. Намайг ярилцлага өгсөнгүй гэж гомдсон сэтгүүлч нэг ч байхгүй. Харин Мальцев, Харламов нар сэтгүүлчидтэй харьцах тун дургүй байсан”
“Медаль, шагналаа хэзээ ч үнэ хаялцуулах худалдаанд тавихгүй”
“Миний хаалганд гоол оруулахыг бүгд л хүсдэг байсан. Харин би муу тоглож чаддаггүй байлаа”
“Ач хүү минь над шиг хаалгач. Би түүнд туслаж, зөвлөгөө өгдөг. Гэхдээ “Амьдрал дээр чи өөрийн хүчээр дээш гараарай. Би туслахгүй шүү” гэж байнга хэлдэг”
“Ард түмэн надад итгэл хүлээлгэж, депутатаар сонгосон. Тийм болохоор би үнэнч шудрага зүтгэх ёстой. Угаасаа би худал хуурмагт дургүй хүн”
“Эмээ минь 97 насалсан. Багадаа эмээгээсээ “Таны хүч юу вэ, өндөр насалж байгаагийн нууц юу вэ” гээд сонирхдог байлаа. Эмээ “Би хэзээ ч бусдад атаархаж байгаагүй. Үргэлж хүнд туслаж ирсэн” гэж билээ. Азаар би хэзээ ч хүнд атаархаж байгаагүй”
“Би шүтлэгтэй, бурханд итгэдэг. Ер нь тамирчин хүн бүхэн шүтлэгтэй байдаг. Хүн хэчнээн хүчтэй байсан ч бүх юм Бурханы гарт шүү дээ”
“Бурханд би үргэлж итгэдэг байсан. Коммунизм байгуулах кодекст бараг л Библид бичсэн шиг зүйлүүд байдаг байсан”
“Гэрээсээ гадна тайван амгалан байж болох цорын ганц газар бол сүм. Ямар нэг зүйл тохиолдвол сүмд очоод лаа асааж, залбирдаг. Эцэг эх, анд найзууд Харламов, Рагулин, Кузькин нарыгаа дурсана. Тэдний төлөө залбирч, нэг ёсны өрөө өгч байгаа хэрэг юм. Учир нь тэдний ачаар би байгаа. Олимп, ДАШТ-д тэд гялалзтал сайн тоглосны ачаар гэж хэлж болно”
“Хоёрхон хүүхэдтэйдээ харамсдаг. Хүүхэд бол аз жаргал болохоор аль болох олон хүүхэдтэй байх хэрэгтэй. Ер нь харамсдаг зүйл олон ч энэ хамгийн том харамсал минь”
“Манай гэрт эхнэр Татьяна эзэн. Би түүнд тусладаг”
“Би загасанд махнаас илүү дуртай. Шарсан хэлтэг загас дэлхийн хамгийн амттай хоол”
“Загасчлал хамгийн сайхан амралт”
“Би амьдралынхаа бараг тал хувьд нь унтаж өнгөрөөсөн байх. Тоглолтын өмнө заавал нэг цаг унтана. Хөшгөө хаагаад утас, телевизээ салгана. Зодог тайлсан хойноо ч өрөөгөө хааж байгаад унтдаг байлаа”
“Чөлөөт цаг надад байдаггүй. Таван жил амарсангүй”
“Юу ч хийдэггүй хүн л шүүмжлүүлдэггүй. Намайг шүүмжлэгчид мэдээж бий. Нэг хэсэгт нь миний ажил таалагдахгүй байгаа бол нөгөө хэсэг нь тэр ажлыг минь булаан авах гэж шүүмжилдэг. Хүн болгонд таалагдана гэж байхгүй. Депутат хэцүү ажил”
“Би Оростоо л амьдрах дуртай. Би орос хүн, орос маягаар амьдрахыг хүсдэг”
Сэтгэгдэл ( 1 )
Delxiin xokkein sportiin od Vladislav xuuxed nasnii mini shuteen bailaa Orosiin televiziin suvgaar aav duu nartaigaa xamt suugaad tuunii uran chadamgai togloltiin shimten uzdeg baijee