Чөлөөт бөх: Оросын мэргэжлийн лигт Иран, Монгол тамирчид оролцох боломжтой

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 26

Ведомости, спорт

Александр Кошкин

ОХУ-ын мэргэжлийн бөхийн лиг ирэх тавдугаар сарын 19-20-нд Москва хотод анхны тэмцээнээ хийнэ. Украины байдлаас болоод Оросын спорт ертөнц хорионд орсон байгаа. ОУОХ-ны заавраар олон спортын холбоод манай тамирчдыг тэмцээн уралдаанаасаа хассан. Оросын спортын түшмэлүүд тамирчдаа амь зуух орлоготой байлгахын тулд шинэ тэмцээн зохион байгуулахаас өөр аргагүй болжээ.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гуравдугаар сарын эхээр орос бөхчүүдийг хассан.

“Гэхдээ энэ нь ДБНХ-ны шийдвэр биш ОУОХ-ны шийдвэр байлаа. Бөхийн холбооны тэргүүн Ненад Лалович чадах бүхнээ хийсэн ч ямар ч сонголт байгаагүй. Бид ДБНХ-той сайн харилцаатай хэвээр байгаа” гэж ОХУ-ын спорт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Наталья Ярыгина ярьж байна.

Яагаад Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо ОУОХ-ны тушаалыг дагаж байгаа нь ойлгомжтой. 2013 онд чөлөөт бөх олимпын хөтөлбөрөөс хасагдах шахсан. Тэр үед дэлхийн шоу бизнесийн алдартнууд, улстөрчдийн оролцсон том PR ажиллагаа явуулж байж, олимпод үлдсэн. Одоо ч чөлөөт бөхийн байдал хэцүү байгаа тул ОУОХ-той Оросын төлөө муудалцах боломжгүй байгаа юм.

Оросын Спорт бөхийн холбооноос гуравдугаар сарын 29-нд бөхийн мэргэжлийн Poddubny Wrestling League (PWL) лиг байгуулснаа зарласан. Өндөр шагналын сантай энэхүү амбицтай том төсөл гадаадын тамирчдыг хорионд орсон Орост авчрах ёстой. Эхний тэмцээн нь сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, грэпплинг, панкратион (бараг холимог тулаан) төрлөөр явагдана.

Зохион байгуулагчдын сонгосон журам, дүрэм ч сонирхолтой. Эхний өдөр ЦСКА хөлбөмбөгийн цогцолборт 18 дэвжээн дээр зэрэг барилдаантай. Харин финалын барилдаан 12 мянган хүний багтаамжтай ВТБ Арена-д явагдах юм.

Сонгомол барилдааны домог Александр Карелин мэргэжлийн лигийг зохион байгуулахдаа Дэлхийн бөхийн нэгдсэн холбоотой зөвшилцөх хэрэгтэй, учир нь лигт оролцсон гадаад тамирчид дараа нь барилдах эрхээ хасуулах болно гэж анхааруулсан. Оросын спорт бөхийн холбооноос харин энэ тал дээр асуудал гарахгүй гэж үзэж байгаа юм. Яагаад гэвэл ДБНХ энэ тэмцээнд ямар ч хамаагүй, тэндээс зөвшөөрөл авах шаардлага байхгүй. Жин болгонд 16 тамирчин өрсөлдөнө. Гадаадын 10 гаруй орноос бөхчүүд ирнэ гэж Спорт бөхийн холбоо найдаж байна.

Наталья Ярыгина “Төв Азийн орнууд, Ираны бөхийн холбоо оролцох сонирхолтойгоо илэрхийлсэн. Хятад, Монголын тамирчид ч ирж болно. Маш сонирхолтой төсөл. Шоу төдий биш спортын том тэмцээн болно гэдэгт итгэлтэй байна. Олимпын жингийн аваргууд 1 сая рублийн шагнал хүртэнэ” гэж мэдээлсэн юм.

Мэргэжлийн бөхийн лиг шинэ, содон зүйл биш. Герман, АНУ, Иран, Энэтхэгт мэргэжлийн лигтэй. Орос хувилбарын гол онцлог, давуу тал нь бөхийн таван төрлөөр явагдана.

“Бид тэмцээнээ ямар болохыг бүрэн гүйцэд төсөөлөөгүй л байна. Нью-Йорк хотод болдог шоунд зургаан дэвжээн дээр барилдаан болоход үзэгчид зарим барилдааныг үзэж чадаагүй. Энд 18 дэвжээнд таван өөр төрлийн барилдаантай гээд бодоод үз. Үзэгчид өөрийн дуртай төрлөө сонгоод үзэх боломжтой”  Наталья Ярыгина

Лигийн анхны тэмцээний шагналын сан олимпын төрөлд 1,75 сая рубль, олимпын бус төрөлд 875 мянган рубль, нийт 63 сая рубль. Бөхийн тэмцээний хувьд маш өндөр шагнал. Жишээ нь, цар тахлын үед ДБНХ-ноос ДАШТ-ий оронд зохион байгуулсан Дэлхийн Цомын тэмцээний шагналын сан 300 мянган швейцар франк (25,5 сая рубль) байлаа.

Лигийн тэмцээний зардлын ихэнх хэсгийг ОХУ-ын спортын яам гаргаж, үлдсэнийг нь ивээн тэтгэгчид оруулна. Абдулрашид Садулаев, Заурбек Сидаков, Заур Угуев (чөлөөт бөх), Муса Евлоев (сонгомол) тэргүүтэй Оросын бүх шилдгүүд зодоглох тул бөх сонирхогчдын сонирхлыг ихэд татна гэж зохион байгуулагчид үзэж байна. Урьд өмнө манай шигшээ багийн шилдгүүд дотоодын зарим тэмцээнд оролцдоггүй байсан тул энэ лигийн тэмцээн бүгдийг нь нэг дор харах ховор боломж юм.

Олимпын хошой аварга Роман Власовын хэлснээр мэргэжлийн лигийн тэмцээн олон улсын холбооны хуваарьт ч багтах ёстой тэмцээн юм.

Краноярск мужийн багийн ерөнхий дасгалжуулагч Виктор Алексеев “Манай багийн хувьд заавал оролцох ёстой тэмцээн. Тамирчид маань тэмцээнгүй зовж байна. Дээр нь шагналын сан өндөр. Олимпын жингийн аваргууд 1 сая рубль, олимпын бус жингийн аваргууд 500 мянган рубль гэдэг их мөнгө. Манайхан бүгд барилдах хүсэлтэй байгаа. Яг оролцогчдын бүрэлдэхүүн тодорхой бус ч жин болгоны 16 бөхөөс 6 нь гадаад бөх байх талаар яригдсан” гэж ярьж байна.

Наталья Ярыгина “Мэргэжлийн бөхийн лиг нь спорт бөхөд шоуны элемент нэмж, бөх сонирхогчдод илүү сонирхолтой маягаар хүргэх арга юм. Энэ жил дөрвөн тэмцээн зохион байгуулах бодолтой байгаа. Европ тив бол дэлхий биш. Угаасаа Европт хүчтэй бөх бараг байхгүй. Азиас бөхчүүд ирэх болно. Манай бөхчүүдэд барилдах өрсөлдөгч хангалттай байх болно” гэж яриагаа өндөрлөлөө.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(192.82.87.184) 2022 оны 04 сарын 30

manaihan oroltsoj bolohgui.delhiitei hamt baih heregtei

0  |  0
Buh(103.26.195.59) 2022 оны 04 сарын 28

Manaih buu ochooroi. Aytaihanshaltagheleed bultah ni deer

0  |  0
Энх (202.55.188.34) 2022 оны 04 сарын 27

Дзлхийд хориг тавьчихсан улсад очиж тэмцээнд оролцвол тив ,дэлхий , олимпоос хасагдана даа .

0  |  0
Зочин(66.181.161.6) 2022 оны 04 сарын 26

Сайхан тэмцээн болохнээ

0  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 04 сарын 30

Манай бөхчингүүд гуйгаад л очих байх даа, тэдэнд украйн дахь оросын түрэмгийлэл, ёс зүй сонин биш, мөнгө л олж байвал юу ч хийх улс, харин оросууд нь тоохгүй, голж шилээд хөөрхийсийг зовоох биз ээ

3  |  4
Top