Н.Нацагдорж: 10 мянган га талбайгаар хотыг тэлснээр түгжрэлийг шийднэ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 29

Өглөөний сонины энэ удаагийн “Өглөөний зочин”-оор нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдоржийг урьж, ярилцсан юм. Түүнтэй голын усыг сувагчлах, хотын түгжрэл, шинээр хэрэгжүүлж буй төсөл болон бусад цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022 хэлэлцүүлгийн үеэр таны яриа их сонирхолтой байсан. Цахим орчинд таны ярианы хэсэг ч олныг хамарлаа. Туул, Сэлбэ, Улиастайн голыг сувагчлах, усан тээвэртэй болох боломжтой зэргийг дурдсан шүү дээ. Дараагийн Венец хот болох нь ээ гэх яриа ч хэдийн гарлаа?

-Дутуу мэдээлэл өгснөөс үүдэлтэйгээр иргэд буруу ойлгосон зүйл бий. Тухайн хэлэлцүүлэгт оролцогчид 17 илтгэл тавьсан. Асуудал хөндсөн, хэрэгжих боломжтой, сонирхолтой илтгэлүүд байсан ч минийхийг онцолсон байна лээ. Цахим сүлжээнд ч их сэвэгдсэн. Цаг хэмнэх үүднээс би бэлдсэн илтгэлийнхээ ганц хэсгийг сонирхолтой байх болов уу гэх үүднээс мэдээлсэн л дээ. Улмаар хэвлэл мэдээлэл сэвж, иргэд ч өөр өөрсдийнхөөрөө ойлгосон нөхцөл байдал үүслээ. Энэ бол хэдэн зуун жилийн турш бусад улсад хийж байсан зүйл гэдгийг нэн тэргүүнд дурдъя. Манай улсад ч үүнийг хийх боломжтой. Одоогийн технологиуд бүү хэл гол, цөөрөмгүй улсад ч хийж байсан зүйл шүү дээ.

Манай хот 1990 га талбайд байрладаг. Бид үүнээс тав дахин том буюу 10 мянган га талбайг хамарсан газарт төсөл бэлдэж байна. Төслийг одоогоор олон нийтэд зарлахгүй. Эцсийн байдлаар бэлэн болсны дараагаар албан ёсоор мэдээлэх юм. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд Туул голыг даланжуулж, 4-5 метрийн гүнтэй тогтмол урсацтай болсноор дээгүүр нь завь явах боломжтой. Өвөл гол хөлдвөл моторт чаргаар ч явж болно. Тиймээс Туул, Сэлбэ, Улиастайн голд усан тээвэр бий болох боломжтой гэх хэсгээ л цухас дурдсан төдий юм.

-Магадгүй одоо цаг үед та энэ сэдвийг ярьсан нь олон хүнд буруу утгаараа хүрчихэв үү дээ. Бидний одоогийн хамгийн том асуудал бол эдийн засгийн уналт. Тэгэхээр эдийн засгийн уналт бүгдэд сөргөөр нөлөөлж буй үед энэхүү төсөл нь цаг үеэ олоогүй сэдэв байсан юм болов уу гэх бодол төрлөө л дөө?

-Хаа сайгүй эдийн засгийн талаар ярьж байна. Бид одоо байгаа эдийн засагтаа тохируулж сэтгэх үү, эсвэл төлөвлөсөн төлөвлөгөөндөө хөрөнгө оруулал­таа босгох уу гэдэг сонголтын өмнө байгаа юм. Бид төлөвлөөд л байдаг. Улаанбаатар хот ер нь төлөвлөлттэй юм уу, яагаад төлөвлөдөггүй юм бэ гэх мэтээр олон нийтээс асуулт их ирнэ. Ганцхан хариулт бий Одоогийн Улаанбаатарын хүн амын нягтрал, бүтээн байгуулалтад хотын төлөвлөлтийг зохицуулах боломж маш бага. Ерөнхийдөө бол боломжгүй гэсэн үг. Энэхүү асуудал зөвхөн манайд байгаа юм биш.

Дэлхийн хотуудын тэлж хөгжих шалтгаан бол энэ. Хүмүүсийн зүгээс яасан том зүйл төлөвлөдөг юм бэ гэх хандлагатай байдаг. Бидний ажил бол томоор төлөвлөх юм. Манай улс их баян. Хүсвэл бид энэхүү төслийн мөнгийг яаж ч олж болно. Гагцхүү зөв төсөлдөө санхүүжүүлэх хэрэгтэй.

-Дэлхийн хотуудын тэлж хөгжих шалтгаан нь хотын төлөвлөлтөө зохицуулахын тулд юм байна. Тиймээс л та бүхний зүгээс олон нийтэд төдийлөн мэдээлээгүй байгаа шинэ төсөл нь хотын тэлэлттэй холбоотой байх нь ээ?

-Одоо байгаа хотын талбайгаа томсгох, тэлэх, түүнийгээ хөг­жүүлс­нээр нягтралыг багасгаж, тэлсэн хэсэг рүүгээ таатай амьд­рах боломж бүрдэнэ. Яагаад Улаанбаатарт хүн амын нягтрал их байна вэ гэвэл энд эдийн засгийн таатай орчин байна. Улаанбаатар хотоос өөр газар төлөвлөлтгүй, зах зээлгүй болохоор өнөөдрийн хүн амын нягтаршил энд асуудал болтлоо томорсон юм. Тиймээс хотыг тэлж, бүтээн байгуулалтуудыг шинэ суурьшлын хэсэг рүү шилжүүлнэ. Дараа нь одоо амьдарч буй хэсгийг сийрэгжүүлэх ажлыг ярих юм. Ингэснээр бид хол явах шаардлагагүй. Энд хотоо томсгож болохоор байна шүү дээ.

-Та хэлэлцүүлгийн үеэр дурдахдаа голыг сувагчилна гэсэн. Иргэдийн хувьд сувагчилна гэх утгыг төдийлөн ойлгохгүй байж мэднэ. Та тайлбарлаж өгөхгүй юү. Нөгөө талаараа угаасаа гол байгаа хэсгийг сувагчилна гэхээр сонин ойлголт юм шиг ээ?

-Хүмүүсийн зүгээс нэг суваг татаад, Туул голын усыг тэрхүү хэсгээр урсгаад байна гэж ойлгож буй бололтой. Хот байгуулалтад сувагчилна хэмээн ярьдаг л даа. Гэхдээ бид далан барих хэмээн яривал олон нийтэд илүүтэй хүрэх бололтой. Зарим хотууд хотын дундуур урссан гол горхигүй байдаг. Тиймээс суваг татаж, зарим нэг жижиг голд далан барьж, усан дүүргэлттэй болдог юм. Манайд бол гол байгаа. Бүр хэд хэдэн гол бий. Ус нь дүүргэлттэй болж, усны түвшин дээшилбэл их олон гол, горхи газрын гадарга дээр гарч ирнэ. Даланжуулах ажлын хувьд нэгдүгээрт, чийгшил нь нэмэгдэнэ. Хоёрдугаарт, үерийн эрсдэлээс хамгаалж буй хэлбэр юм. Таны асуултад хариулж байхдаа одооноос даланжуулах хэмээн ярих нь оновчтой юм байна гэж бодлоо. Нэмж хэлэхэд далан гэхээр л бетонон байх албагүй. Зүлэгжүүлсэн, шатан, суудалтай гэх мэт төрөл бүрийн далан байх боломжтой. Зураг төсөлдөө ч төрөл бүрээр тусгаж өгсөн. Хотын хэсгээр эдгээр төрлүүдийг хийж, хотоос гадагш хэсэгт нь шороон далан барьж мөнгөө хэмнэх бололцоотой.

-Таны танилцуулсан төслийн эерэг зүйл нь чийгшлийг нэмж, үерээс хамгаалах зориулалттай юм байна гэдгийг ойлголоо. Экологийн хувьд ихээхэн ач холбогдолтой төсөл гэж тайлбарлаж байна, тийм үү?

-Хамгийн гол ач холбогдол нь агаараа чийгшүүлэхтэй холбоотой юм. Тоосжилт их, хуурайшилттай байдал нь Улаанбаатарт орж буй хур тунадаст ч нөлөөлөөд байна. Гэнэт их хэмжээний бороо, цас орох, цаг агаарын эрс тэрс байдал үүсэх гэх мэт. Голын уснаас бага хэмжээний ууршилт явагдаж, тэрхүү ууршилт удаан хугацааны турш хуримтлагдаад гэнэт их хэмжээгээр бороо ороод байгаа юм. Тоосжилт, хуурайшилттай манайх шиг нийслэлд ихээхэн хэрэгтэй. Агаарын чийгшилд шууд нөлөө үзүүлэх юм. Байгаль, экологидоо сайн нөлөөтэй гэсэн үг. Үүнээс гадна Туул голын эко системийг сэргээх давуу талтай. Учир нь Туул гол маш нимгэн урсаж байгаа. Усны ургамал, амьтан үржих боломж багасаж байна.

Туул голыг даланжуулж гэмээн үерээс сэргийлэх боломжтой. Одоогийн Туул голын задгай байдал нь үерлэхээрээ хаашаа ч хамаагүй урсах асуудлыг үүсгээд байгаа юм. Үерээс болж үүссэн олон ч голдиролтой. Хөлдөөд халиа үүсэх, хэмжээ нь ихэсвэл хаагуур ч хамаагүй урсах голдирлууд юм л даа. Тэр голдирлуудыг даланжуулахгүйгээр 800 метрийн өргөнтэй орхисон. Харин Сэлбэ гол бол багахан муудсан ч далантай. Гэхдээ усан тохиргоогүй учраас усных нь хэмжээ маш бага. Үерлэсэн үедээ л дүүрдэг. Бусад үед нарийн горхи урсаж, хог шороо, зэрлэг ургамал ургасан дүр төрхтэй байдаг. Хэрэв Сэлбэ голд усан тохиргоо хийвэл тогтмол урсацтай болж эргэн тойрноо чийгшүүлнэ. Энэ мэт экологийн ач холбогдлыг дурдвал хоёр цаг ярих хэрэг гарна байх.

-Тэгэхээр барилга шавсан, нягтаршил ихтэй одоогийн хотод бус 10 мянган га талбай бүхий хотын тэлэлтийн хэсэгт зориулсан төслийн хэсгээсээ танилцуулжээ?

-Тийм ээ. Дахин хэлэхэд одоогийн хотод энэхүү голын далангийн ажлыг хийх ямар ч боломжгүй. Энэхүү том төсөлд нийт 1140 төсөл бий. Үүний нэг төслийг хагас дутуу ярьсан нь голыг даланжуулах юм. Хүмүүст сонирхолтой байх болов уу гэж бодоод ярьсан нь бидний ярилцлагын эхэнд дурдагдсан. Харин үлдсэн төслүүд нь дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүд юм. Жижиг хотууд ч ийм төслийг бүрэн гүйцэт хийсэн жишээ зөндөө бий. Мөн энэхүү төслийн талаар анх удаа хэвлэл мэдээлэлд танилцуулж байна.

-Ер нь яагаад 57 км гэж төлөвлөсөн юм бэ?

-Голын эх үүсвэр болох Тэрэлж, Гачууртын хэсэгт томоо­хон усан сан хийх ёстой. Оросын мэргэжилтнүүд хот төлөвлөхдөө дээд усан сан гэх төслийг хийсэн байдаг. Үүний зураг төсөл нь ч бий. Бид л хийж чадаагүй юм. Үүний зориулалтыг тайлбарлая. Бид үргэлж гүний ус ашигладаг. Хамгийн сайн усыг гүнээс сорж авдаг атлаа хамгийн муу ус болгон хэрэглэдэг юм. Тэгэхээр дамжуулах шугам, магистрал шугам нь зэвэрсэн учраас иргэдэд очдог ус нь маш муу, зэвтэй болж очоод байна. Үүнийг дэлхийн улс орнууд гадаргын усаа ашиглаж шийддэг. Гүний усаа гамнадаг болоод байгаа юм. Гүний ус доошлохоор гадарга дээр чийгшилгүй болоод байгаа учраас л дэлхий даяар гадаргын усыг ашигладаг болоод байна.

Бид өнөөдөр 100 хувь гүний ус ашигладаг бол 2040 он гэхэд 50 хувьд нь гүний ус, 50 хувьд нь гадаргын ус ашигладаг болох юм. Дахиад задалбал 25 хувьд нь дахин боловсруулсан саарал усыг ашиглая хэмээн тооцоод байна. Тиймээс дээд усан санг хийх ёстой. Дээд усан сан буюу дээд нуур хийхдээ зайлшгүй даланжуулах шаардлагатай юм. Даланжуулахгүй бол аюул, эрсдэл их. Дээд эх үүсвэрээсээ гарч, урсаж буй 57 км урттай хэсгийг даланжуулах юм. Гачууртын усан сангаас хотын төвийн урд хэсгээр дамжиж, Сонсголонгийн төвөөр дамжих маршруттай. Энэ замд хэд хэдэн нуур хийж, усан тохиргоотой болгож, тогтмол урсацтай том голтой болох мэргэжлийн шийдэл юм. Өнөөдөр би санаачлаад яриад байгаа юм биш. Өмнө нь ЗХУ-ын инженерүүд, дараа нь 2015 онд Солонгос улсын инженерүүд гурван ч хувилбар дээр хийсэн байдаг. Магадгүй яваандаа Сонсголонгоос Тэрэлж хүртэл завиар явдаг, бүр тэмцээн ч зохиож болохыг үгүйсгэхгүй.

-Хоёулаа энэхүү төслийн нэгээхэн хэсгийг л ярьж байна. Үүнээс үүсэж буй нэг асуулт нь энэхүү төсөл хэзээ дуусах бол гэдэг байна л даа?

-Энэхүү төслийг 5-10 жилийн хугацаанд дуусгана хэмээн төлөвлөсөн.

-1140 төсөл бүхий 10 мянган га талбайд барьж буй цогц томоохон төсөл гэсэн атлаа яагаад одоог хүртэл олон ний­тэд мэдээлэхгүй байгаа юм бэ?

-Ямарваа нэгэн ажлыг эхлүүлэх бүрд монголчууд үлгэр гэх хандлагаар хүлээж авдаг болсон байна. Энэ бол ямарваа нэгэн зүйлийг битгий бод гэсэн үг. Хөгжилгүй, ядуу байцгаая хэмээн уриалж буйгаас өөрцгүй. Бид хэчнээн ч зүйл санаачилж болно. Монгол Улсын гурван сая гаруй иргэн юу ч сэпэж, санаачилж болно. Авьяас, чадвартай хүн олон бий. Тэр бүх хүнийг, тэдний санааг мохоогоод байж болохгүй. Хийх гэж оролдож байна шүү дээ. Хийж буй нэгнийгээ мохоож, ажлыг нь үгүйсгэнэ гэдэг бол их муухай зан. Чи үргэлж ядуу бай гэж байгаагаас өөрцгүй. Хөгжил гэдэг цаг үргэлж өсөж, дэвшихийн утга.

Манай улс хөгжиж байна уу гэвэл тийм. Зарим улсаас ч илүү хөгжиж яваа. Шийдвэр гаргаж буй хүмүүс нь зоригтойгоор шийдвэрээ гарга. Гэхдээ мэргэжлийн хүмүүсийн зөвлөмж, туслалцааг авдаг байх хэрэгтэй. Одоо ч энэхүү төслийг сайжруулж, судлаад явж л байгаа. Энэ бол нэг байшингийн төсөл биш. Том хэмжээний төслийг эцсийн байдлаар олон нийтэд мэдээлэхгүй бол хагас дутуу мэдээлснээр ямар асуудлыг үүсгэж буйг голын далангийн сэдвээс харлаа шүү дээ. Тодорхой хэмжээнд гүйцэтгэлтэй байж, том хэмжээгээр нь албан ёсоор танилцуулахгүй бол олон нийтэд урьтаж мэдээлэх нь боломжит төслүүд зогсох асуудлыг ч үүсгэх эрсдэлтэй.

-Энэхүү төсөлд түгжрэлийн эсрэг олон гарц шийдлийг тусгасан байна. Метро, хөнгөн галт тэрэг гэх мэт. Гэхдээ төсөл хэрэгжиж дуусах хүртэл бид 5-10 жилийн турш түгжрэлтэйгээ байсаар байна гэсэн үг үү. Э.Бат-Үүл даргын үеийн метро барих судалгааны ажил одоо ч хадгалаастай, ашиглах боломжтой байдаг гэх юм билээ. Үнэхээр манай улсад одоогийн нөхцөл байдалд метро барих нь боломжгүй зүйл юм уу. Эсвэл боломжтой бол тэрхүү судалгааны ажлыг ашиглаж болдоггүй юм уу?

-Улаанбаатарын 1990 га талбайд бүхий л зүйл төвлөрсөн. Нэгдүгээрт, манай хотод метро барихаар төлөвлөөгүй. Хүн ам, барилга ч нягтаршил ихтэй байхаар төлөвлөөгүй. Нягтаршил ихтэй байдаг нь метро явах замыг хийхэд хүндрэлтэй болгоод байгаа юм. Хоёрдугаарт, богино зайд метро хийдэггүй. Энэ нь үр ашиггүй. Улаанбаатарын нэг захаас нөгөө зах руу алхаад ч явж болдог. Харин хотын тэлэлттэй байж чадвал метро хийх боломжтой. Харин 10 мянган га талбайд хотыг тэлснээр метро хийх боломжтой болно. Төмөр зам Богд уулын урдуур гарахаар төсөл явж байна шүү дээ. Тэгэхээр хот дотор байгаа төмөр замын шугам суларна. Үүнийг метроны шугам болгон ашиглах боломжтой. Метро заавал газар доогуур байх албагүй. Бид төмөр замыг доошлуулан, сувагчилж, метроны шугамаа хийж, дээгүүр нь бусад зорчих замыг хийж болно. Энэ бол хамгийн хямд өртөгтэй гаргалгаа юм. Тухайлбал, Швейцарын Лозанн хотод ганцхан метро бий. Энэ метро нь задгай юм.

-Бидний ярилцлагад зайлш­гүй дурдагдах зүйл бол гэр хороолол. Гэр хорооллоо бид хэрхэх вэ?

-Бид 10 мянган га талбайд 720 мянган хүний орон сууц барина хэмээн төлөвлөсөн. Орон сууц нь 300-400 га талбайд л барих юм. Яагаад 720 мянган хүний орон сууц хэмээн тооцоолоод байна вэ гэвэл гэр хороололд байрлаж буй 200 мянган өрхийн хамруулсан тоо. Гэр хороололгүй болно гэсэн үг. Тэгвэл гэр хороолол яах вэ гэх асуулт үүснэ. Гэр хорооллын хашаа бүрд тав таван мод таривал ой болно. Гэр хорооллын хашаанууд нь таримал ойд байрлах хашаа л болно гэсэн үг. Гэр хорооллын иргэд орон сууцад хамрагдах боломжийг нь төрөөс дэмжээд өгвөл асуудалгүй. 200 мянга гаруй жорлонгоос сална. Хөрсний бохирдлоос сална гэсэн үг. Нэгнийгээ гадуурхах байдал ч арилна. Хотын төвд, захад сурдаг гэж нэгнийгээ ялгахгүй гэх мэт бүхий л асуудлыг нэг дор цогцоор төлөвлөөд байгаа юм.

-Гэтэл их сургууль болон хотын иргэдийг орон нутгууд руу явуулах, хотоос гаргах арга замыг өнөөдөр хайгаад байна шүү дээ?

-Их сургуулиудыг, гэр хорооллын иргэдийг хотоос гаргаж болохгүй. Хотоос гарвал хотын эдийн засаг унана. Яагаад гэвэл хотоос гаргана хэмээн яриад байгаа хэсэг бүлэг бол нийт эдийн засгийн 70 хувийг бүрдүүлдэг хүмүүс. Хүнээ хөөж болохгүй. Харин хүнийхээ орон байрыг бэлдэж, бүтээн байгуулалтад анхаарах хэрэгтэй. Нэг өрхөд дөрвөн хүн амьдардаг байхад нь 15 хүнийг нэмээд хамт амьдруулж болохгүй биз дээ. Манай одоогийн нийгэм яг л ийм байна.

-Тэгэхээр дэд бүтцийн хүчин чадалд тохируулж төлөвлөх бус, төлөвлөлтөд тохируулж дэд бүтцийг хийх ёстой гэсэн үг байх нь ээ?

-Яг үнэн. Дэлхий дахинаа ч энэ замаар явдаг. Төлөвлөлтөө хийсний дараа түүнээс үүдэж хэрэгцээ бий болдог юм. Одоо станцуудаа шинэчилнэ хэмээн яриад байна шүү дээ. Өмнө нь станцуудаа шинэчлэхийн тулд хэдий хэмжээгээр нэмэгдүүлэх вэ гэдгээ мэдэхгүй байсан. Хэрэгцээ нь хаана байгаа, ямар хэрэгцээ байгаа талаар мэдлэггүй байлаа. Харин одоо шинэ станц барих уу, хүчин чадлыг нь нэмэх үү гэх мэт хувилбарууд гарч ирээд байна шүү дээ, хот тэлэх төслийн хүрээнд. Яагаад Туул голыг 200 метрийн хэмжээтэй даланжуулах гэж байна вэ гэвэл үүнээс гүүрний хэмжээ гарч ирэх юм. 200 метрээс илүү хэмжээтэй гүүр хэрэггүй гээд гараад ирж байгаа биз дээ. Одоо даланжуулаагүй тохиолдолд 600 метрийн өргөнтэй гүүр барина хэмээн яриад байна. Нэг гүүр барих өртгөөр гурван гүүр барих боломжтой.

-Хот төлөвлөлтөд 5-10 жил гэдэг бол ойрын хугацаанд орно. Тэгэхээр бид 5-10 жилийн турш хотын тэлэлтийг хүлээж, одоогийн нөхцөл байдлаараа байна гэсэн үг үү?

-Гаднын мэргэжилтнүүд энэхүү төсөлтэй танилцаж, санал солилцоод явж байна. Сингапурын мэргэжилтэн, архитекторуудтай санал солилцсон л доо. Иймэрхүү том төсөл дор хаяж 20 жил байдаг. Гэхдээ энэхүү төсөл нийтэд зарлахгүйгээр эхэлсэн. Яармагт шинэ барилгууд бариад байна шүү дээ. Энэхүү төслийг албан ёсоор хүмүүст танилцуулж, мэдээлснээр төвд барилга барих хүмүүсийн тоо цөөрнө. Төслийн талбай руу барилгаа бариад эхэлнэ. Их сургуулиуд ч өөрсдийн барилгаа барьж болно. Бүхий л сургуулийн барилга, дотуур байр, спорт талбай гэх мэт том хотхоныг хэдэн арваараа барьж болох юм. Бүтээн байгуулалтуудын анхаарлыг энэ төсөл рүү татаж байж хотын нягтаршил багасна. Нягтаршлыг багасгаснаар одоо байгаа хотын түгжрэлээс эхлэлтэй бүхий л асуудлыг шийдэхгүй бол хэчнээн арга ашиглаад ч боломжгүй зүйл юм.

-Манай хот Сүхбаатарын талбайг тойрсон нэг төвт хот шүү дээ. Үүнийг Баянхошуу, Долоон буудал гэх мэтээр найман төвтэй болгон хэмээн цар тахлын өмнө ярьж байсан. Хотын төв болох газрыг шууд зааж болдог юм уу?

-Сэлбэ, Баянхошууд уурын зуух барьж байгаа, олон төвт хот болгон хэмээн ярьдаг. Олон төвт хот ингэж үүсэхгүй. Улаанбаатар уламжлалтаараа нэг төвт хот. Харин хотын тэлэлт хийж буй бүс бол олон төвт хот. Олон төвт хот нь хөрөнгө оруулалтын чадавх, амбицаар үүсдэг. Ямарваа нэгэн үйлдвэр, бүтээн байгуулалтыг даган, түүнийг тойрч, олон төвт хот үүсдэг юм. Бизнесийн өрсөл­дөөн л хотын төвийг бий болгодог. Түүнээс биш хотын төвийг байршил заалаа гээд үүсдэггүй.

-2050 он хүртэлх хөгжлийн төсөлд хэд хэдэн дагуул хоттой болно гэсэн. Гэтэл тэр олон дагуул хотод хэн амьдрах, хэрхэн хөг­жих нь эргэлзээтэй байна л даа?

-Дагуул хот олныг бий болгоно хэмээн тусгасанг харсан. Олон жил бид үйлдвэрүүдийг хотоос гаргана хэмээн ярьсан. Тухайн үйлдвэрүүдийг хөөх бус газар дээрээ бүтээн байгуулалт хийхийг нь зөвшөөрөх хэрэгтэй. Арьс, ширний зориулалттай үйлдвэрийг Эмээлтэд, ложистикийн нэгдсэн төвийг Шинэ зуун модод, барилга, барилгын материалын үйлдвэрийг Налайхад, хүлэмж, аж ахуйн үйлдвэрийг Био-Сонгино туулд гэх мэтээр ангилан газар өгөх хэрэгтэй юм. Суурьшлуудыг ингэж хөгжүүлдэг. Ийм шийдэл байхгүй учраас үйлдвэрүүд хотоос гарч чадахгүй байгаа юм. Хот үүсгэнэ гэдэг бол нөхцөл нь үүсэж байж бүтдэг зүйл. Сая дурдсан мэт үүссэн суурьшлыг хөгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ хүчээр гаргаж болохгүй. Товчхондоо 10 мянган га талбайгаар хотыг тэлснээр олон дагуул хот байх шаардлагагүй гэсэн үг юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 Хуваалцах  Жиргэх

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top