Такато Наохиса: Үхсэн ч хамаагүй үзэлцэнэ гэсэн бодолтой байна

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 29

Өнөөдөр Токио хотын "Бүдокан" ордонд Бүх Японы аварга шалгаруулах жүдо бөхийн үнэмлэхүй жингийн тэмцээн болж байна.

Жүдо сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байгаа нь хөнгөн, дунд жингийн олимпын хоёр аварга тус тэмцээнд оролцож байгаа явдал юм. 

Энэ тэмцээнд оролцож байгаа хамгийн хөнгөн бөх нь өнгөрсөн оны Токио олимпын 60 кг-ын жингийн аварга Такато Наохиса.

Өмнө нь тэр 2018 онд үнэмлэхүй жинд барилдаж байсан удаатай. Тэр үед 100 кг-ын жингийн Ишиүчи Юүкид ялагдсан.
 



Тэмцээний өмнө Такато “Би тэр үед дэлхийн аварга болчихоод оролцож байсан бол энэ удаад олимпын аварга. Дөрвөн жилийн өмнө хүнд бөхчүүдтэй барилдаад үзье гэсэн бодолтой байсан бол одоо бол өөр. Олимпын аварга шүү дээ, би. Үхсэн ч хамаагүй үзэлцэнэ гэсэн бодолтой байгаа. Жүдо хичээллэгчдийн тоо багаслаа, бага ангийн хүүхдүүдийн тэмцээнийг хориглолоо гэсэн хар бараан мэдээ жүдогийн ертөнцөд гарч байгаа энэ үед гэрэлтэй гэгээн үйл явдал, мэдээ хэрэгтэй байна. Үнэмлэхүй жинд барилдахгүй бол зодог тайлсан хойноо харамсах болно” гэж ярилцлага өгснийг сануулъя.
 


Түүний эхний тойргийн өрсөлдөгч нь 90 кг-ын жингийн Танака Дайкацү.  

Такато “Хөл авах мэх хориглогдож, шүүлт өөрчлөгдсөн. Хөнгөн жингийнхэн хэзээ ч энэ тэмцээнд түрүүлэхгүй гэж хүмүүс ярьдаг. Харин би дархан хөл мэх, барьцаараа тоглоод үзмээр санагдаж байна. Оно Шёохэйгийн яг дараа барилдах сугалаа татсан маань бүр сайхан. “Өөрийнхөөрөө барилдана” гэдэг үг надад таалагддаггүй ч энэ удаад харин ёстой энэ үгийн дагуу үхэх сэхэхээ үзнэ” гэж түрүүлэх зорилготой байгаагаа илэрхийлж байсан юм. Гэвч Такато өчих мэхээр цэвэр ялагдлаа.  

1964 оны Токио олимпын дунд жингийн (тэр үед 80 кг хүртэлх) аварга Окано Исао 1967,  1969 онд үнэмлэхүй жинд дараалан түрүүлж байлаа. 1992 оны Барселона олимпын жүдо бөхийн 71 кг-ын аварга Кога Тошихико 1990 оны тэмцээнд финалд шалгарсан ч 95 кг-ын жингийн Огава Наояд ялагдсан. 1994 оны үнэмлэхүй жингийн УАШТ-д 1992 оны Барселона олимпын 78 кг-ын аварга Ёшида Хидэхико хагас шигшээд Огава Наояг ялсан ч шигшээд Конно Жюнд ялагдаж байжээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2022 оны 04 сарын 27

Бяц шидүүлэх нь дээ, жүдогийн үнэмлэхүй жин чинь сумо л гэсэн үг ш дээ

0  |  0
Top