Жүдо: Шёохэй Оног зовоож байгаа НАЙМАН ЗҮЙЛ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 16

Тамирчдын замнал, түүхийг өгүүлж, тэдэнтэй илэн далангүй яриа өрнүүлдэг “The players tribune” хэмээх медиа-платформ гараад хэдэн жил өнгөрчээ.

Энэ удаад тус платформ Японы олимпын хошой аварга Шёохэй Оног онцолсон байна.

Shinsuke Asao / The Players' Tribune Japan

Шёохэй Оног зовоож байгаа 8 зүйл

Жүдо бөхийн 73 кг-ын жинд Рио-де-Жанейро, Токио олимпод дараалан түрүүлж, дэлхийд 3 манлайлсан Шёохэй Оно маргааш Бүх Японы аварга шалгаруулах үнэмлэхүй жингийн тэмцээнд оролцох гэж байна. Онотой уулзаж, яг одоо түүнийг зовоож байгаа найман зүйлийг нь сонссоноо уншигчиддаа танилцуулья.

-Таныг тасархай аварга гэж нэрлэдэг. Нөгөө талаас энэ үнэлгээ таны өөрийн бодолтой ялгаатай байдаг байх гэж бодож байна. Оно Шёохэйд яг одоо хэлмээр байгаа үг юу байна?

-Эрэлхэг зоригтой, сэтгэлийн хүчтэй гэж хүмүүс намайг боддог. Үнэндээ би үргэлж хүчтэй байх сан гэж бодож, хичээж байгаа төдий. Тийм болохоор сул дорой өөртэйгээ байнга тэмцэнэ. Өөрийнхөө сул талыг мэдэж байгаа болохоор хүчтэй байх гэж байнга хичээхэд хэцүү. Өв тэгш хүн гэж байхгүй. Би үнэхээр сэтгэлийн хүчтэй хүн биш ч болохын тулд бэлтгэлээ хийхээс өөр аргагүй гэж бодож явдаг.
 


-Токио олимпын дараа юу бодогдож, мэдрэгдэж байв?

-Олимпоо дуусгаад ивээн тэтгэгч, дэмжигч нартайгаа уулзаад Нара дахь гэртээ наймдугаар сарын 3-нд харьсан. Олимпын сүүлийн хэсгийг гэртээ спорт сонирхогчийн хувиар телевизээр үзээд сууж байхад “Энэ олимпод оролцсон мөртлөө одоо ингээд үзээд сууж байх юм” гэсэн сонин бодол орж ирж байлаа. Жүдоги өмсөөд бэлтгэл хийнэ гэж огт төсөөлөгдөхгүй, хүсэл төрөхгүй байсан болохоор 11 дүгээр сар хүртэл гурван сар сайхан амарсан. Ер нь бол жинхэнэ бэлтгэл он дуустал бараг хийгээгүй дээ. Коронавирусний хөл хорио ч байлаа, мөн телевизийн нэвтрүүлэг, уулзалт гээд их завгүй байв. Он гараад Тэнри их сургуулийн танхимд бэлтгэл хийж эхлэсэн. Гэвч халдвар гараад заримдаа бэлтгэл хийж чадахгүй, цугларалт цуцлагдах гээд амрахаас өөр аргагүй өдөр их байсан. Ингэсний ачаар сэтгэл зүйн хувьд тайван амарч чадсан. Гэхдээ одоогийн байдлаа харахаар жинхэнэ сайхан амраагүй юм байна гэдгээ мэдэрч байна.

-Энэ сарын 3-нд болсон УАШТ-д оролцоогүй. Яагаад?

-Оролцохоор бэлтгэл хийж байтал гуравдугаар сарын 18-нд гэмтсэн. Жин хасаад бэлтгэлдээ анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байсан яг тэр үедээ гэмтсэн. Гэмтэл ч үнэхээр ийм үед л ирэх юм даа гэж бодсон шүү. Эмч нар 28 хоног бэлтгэл хийж болохгүй гэсэн тул тэмцээнд оролцох боломж байгаагүй. Коронагийн гайгаар Японд үзэгчдийн өмнө барилдалгүй удлаа. Энэ тэмцээнд үзэгчиддээ барилдаж байгаагаа харуулья гэж догдлон хүлээж байсан болохоор их харамссан. Өөрийнхөө амьдрал, үхлийн зарчмыг харуулах сан гэж бодож байсан юм. Хэтрүүлж хэлэхэд жүдо бол амьдрал. Амьдралынхаа зарчмыг харуулах нэг том боломжоо алдаад шоконд орсон. Гэхдээ бас сайн талаар хүлээн авч болох зүйл байлаа. Токио олимпын дараах анхны тэмцээн минь үнэмлэхүй жингийн улсын аваргын тэмцээн боллоо. Болох газар нь олимптой адил Бүдокан ордон. Энэ домогт ордонд дахиад барилдах болсон нь хувь заяа гэсэн бодол орж ирсэн. Гэмтэл эдгэрээгүй байсан ч өдөр өдрөөр бие сайжирсаар. Хүнд хэцүү ч үнэмлэхүй жингийн тэмцээн бол бусад тэмцээнээс өөр. Энэ бодол минь өвчин намдаагүй байгаа ч ямар нэг гайхамшиштай эрч хүч надад өгөөд байгаа юм шиг.
 


-Үнэмлэхүй жингийн улсын аваргад ямар зорилготой оролцох вэ?

-Эхний зорилго нь оролцох. Дараагийн зорилго нэг ялах. Одоо өмнөх үе шиг 5 минутад барилдаан дуусахгүй, хантэй шүүлт байхгүй. Хугацаа сунган, оноо авсан нь ялна. Тэгэхээр жижиг биетэй нь томоо ялах бараг боломжгүй болсон. Ийм тэмцээнд би юу үзүүлэх ёстой вэ? Халз үзэлцэнэ. Зөөлөн нь хатуугаа гэх үг бий ч надад тохирохгүй. Том биетэй өрсөлдөгчөөсөө зугтаж, булталгүй, эгц өөдөөс нь дайрч, барилдаад ялах эсэхээ үзнэ. Хөнгөн жингийнх гээд барьц өгөлгүй зайлж, зугтаж барилдахгүй. Хэтрүүлж хэлбэл үхэл рүүгээ явж байгаа мэт тактик ч, ялагдана гэдгээ ойлгож байсан ч тулалдах ёстой бол тулалдана гэх үе эр хүн болгонд ирдэг. Үнэмлэхүй жингийн улсын аваргад 3 дахь удаагаа оролцох гэж байна. Ямар хэцүүг нь сайн мэднэ. Хүнд жинтэй тамирчинтай халз үзэлцээд бага ч гэсэн эсэргүүцэл үзүүлж чадаж байвал боллоо. Тэднээс илүү эрч хүчтэй барилдаж, жүдогийн ертөнц, үзэгч олноо баярлуулах, жижиг нь ялж болно гэдгийг харуулах нь миний үүрэг, даалгавар гэж мэдэрч байна.   
 


-2024 онд Парист та олимпод гурав дараалан түрүүлэхийн төлөө барилдана. Парист барилдаж байгаагаа одоо төсөөлж чадаж байна уу?

-Парисын олимп огт харагдахгүй байгаа. Харахыг ч хүсэхгүй байна. Риогийн олимп, Токио олимпын үед бодит, тодорхой харагдаж байсан ч энэ удаад өөр. Би өнгөрсөн хоёрдугаар сард 30 нас хүрч, огт өөр ертөнцөд орсон гэхэд болох юм. Өөрөө хэлэх нь эвгүй ч би жүдод маш олон зүйлд хүрж чадсан. Рио, Токиод түрүүллээ, дэлхийд 3 тэргүүллээ. Авч үзээгүй цом тун цөөхөн үлдсэн. Олимпод гурав дараалан түрүүлэх нь маш үнэтэй гэж ярих ч би олимпын алтан медалийн амтыг хэдийн мэднэ. Парисын олимпыг зорино гэж одоо надад бодогдохгүй байгаа. Үнэнийг хэлэхэд жүдод өнгөрөөх өдөр бүр надад хэцүү байна. Барилдмааргүй байна гэж өдөр бүр боддог. Авсан барьцаа халуулахаар хуруу өвдөнө, хавируулахаар хөл өвдөнө. Ийм сөрөг бодол яагаад ч юм заавал төрнө. Жүдо ч хүнд хэцүү зүйл юм даа гэж дахин дахин бодогдоно. Нутагтаа болж байгаа олимпод заавал түрүүлнэ гэсэн том зорилго байсан болохоор би гэмтэлтэй байсан ч тэвчсээр ирсэн. Харин дараагийн олимп хүртэл хоёр жил байна. “Өөрийгөө ял” гэсэн хүнд бэлтгэлээ үргэлжлүүлж чадахгүй. Намайг унагаах гэж өдөр болгон, хүн бүр хичээж байна. Хүчирхэг болсныхоо ачаар би сул талаа анзаардаг болсон. Хүчтэй тал гэдэг бол сул талаа мэдэхийг хэлнэ. Сул талаа мэдээгүй мэт дүр эсгэж би чадахгүй. Залуу бөхчүүдэд бэлтгэл дээр өвдөглөн унаж, барьц, мэхээр ялагдах үеийг би үзмээргүй байна. Хэрэв дээд түвшний тэмцээнд гадаадын тамирчинд ингэх юм бол ялагдчихсан байгаа шүү дээ. Одоо би их мэдрэмтгий болсон болохоор бэлтгэл ханаагүй байгаагаа мэдэж байна. Ийм үед л ялагдах магадлал өндөр байдаг. Токио олимпын өмнө надад ямар ч хий байгаагүй бол одоо өөр. Урдах зорилго харагдахгүй, ганц ганцаар бэрхшээлийг даван гарч байгаа нь өнөөдрийн Оно. Одоо би нэг өдөр ч гэсэн удаан жүдоги өмсөөд бэлтгэл хийх хүсэлтэй. Тийм болохоор заавал ялна гэсэн хүсэл байхгүй болсон. Ялалт ялагдлын ертөнц болохоор ялалт чухал ч хэр удаан барилдаж чадах бол, өөрийнхөөрөө удаан барилдаж чадах уу, шинэ зүйл эзэмшиж чадах уу гэх зүйлд илүү анхаардаг болсон.  
 


-Энэ эргэлзээнээсээ салах хүсэл байгаа биз дээ?

-Асахи Касэй компанийн дасгалжуулагч Ёшида “Чиний сүүлийн үеийн бэлтгэлийг харахаар нэг зүйл хайгаад байгаа мэт” гэж хэлсэн. Жүдо барилдах шалтгаан гэх үү. Гэхдээ амьд байна гэх мэдрэмж урьд өмнөхөөс илүү болсон. Миний жүдо замнал тэр чигээрээ бэрхшээл саад байсан. Энэ бүхнийг давж гарч байж, өнөөгийн би бий болсон. Олимпод хоёр дараалан түрүүлээд цаашдын жүдо амьдрал нь шагнал, магтаал дүүрэн хялбар зам байвал үнэхээр харамсалтай. Жүдо тийм амар зүйл биш. Давах тусам улам том хана гарч ирээд байна. Нэгэнт өөрөө сонгосон зам болохоор одоо ч жүдогоо үргэлжлүүлсээр байна. Энэ нь амьдарч байгаагаа мэдрэх цорын ганц мөч байж мэдэх юм.
 


-30 нас хүрлээ...

-30 нас бол эргэлтийн цэг. Жүдогоо орхих шалтгаан олох сон, 30-тайдаа зодог тайлчихья гэх бодол орж ирдэг. Ямар нэг утгаараа маш том тавцан дээр гарсан мэт. Харамсалтай нь цаашдаа энэ тавцангаас буух зам л байна. Ур чадвар, хүч чадал, сэтгэл зүй гээд бүгд буурна, сулрана. Улам хүчтэй больё гэж зорих нь хэцүү гэдгийг би ойлгож байна. Тэшүүрийн Нао Кодаира өнгөрсөн аравдугаар сард зодог тайлснаа зарласан. Нао яриандаа хөгжилтэй гэдэг үгийг их хэлж байлаа. Тэшүүрийн спорт хөгжилтэй сайхан юм даа гэж атаархлаа. Жүдог би хөгжилтэй гэж хэлж чадахгүй. Мэргэжлийн боксын Головкин, Мүрата хоёрын тулаанд 40, 36 настай хоёр тамирчин ёстой үзэлцэж байлаа. Тэднийг харахаар спорт, тулаан сайхан юм гэж бодогдоно. Өөрийгөө захирч чадахгүй үе ирэх үед өөр тамирчнаас эрч хүч авах тохиолдол бий.  Нэг үеийн Хага Рюүносүкэгээс ч эрч хүч авдаг. Олон улсын тэмцээнд орох шигшээд багтаж чадаагүй ч тэр улсын аваргадаа сайн барилддаг. Гэмтсэн тамирчин, чухал барилдаанд ялагдсан жүдочдыг харахаар Тэнри их сургуулийн оюутнууддаа өөрийнхөө заавал ялж байгаа биш хүнд хэцүү, зовж байгаагаа ч харуулья гэж боддог болсон. Хэцүү, хүнд гээд өнөөдөр баахан сөрөг зүйл ярьсан ч энэ нь амьдарч байгаагийн нэг баталгаа юм. Сүүлийн үед надаас ахмад тамирчин цөөрөөд л. Залуучууд намайг “Хамгийн хөгшин нь мөртлөө хамгийн их бэлтгэл хийж байна” гэх зэргээр хэлдэг болсон. Ингэж хэлүүлэхэд муу зүйл алга гэж боддог боллоо. Сүүлийн үед жүдо барилдах өөр нэгэн утга учраа олж байх шиг. Энэ бол нэг том хөгжил юм.
 


-Таны барилдааныг урлаг гэж хэлэх хүн олон.

-Бидэнд үзэсгэлэнтэй сайхан санагдаж байгаа зүйлийг урлаг гэж хэлдэг. Хүч чадлын нөгөө талд гоо үзэсгэлэн байдаг. Тийм болохоор дан ганц чадалтай байж болохгүй. Барилдааны агуулга гоё байх хэрэгтэй. Би дан ганц хүчтэй тамирчин болоогүй гэдгээрээ бахархдаг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(118.235.7.31) 2022 оны 12 сарын 18

Jinhene tamirchin hun gj iim l bdg bhdaa.

0  |  0
зочин (64.119.29.144) 2022 оны 12 сарын 17

Сайхан, бас сэтгэл хөдөлгөм бахархам ярилцлага байна аа.

1  |  0
Top