“Orice” нэрээр олонд танигдсан реппер М.Алтан-Оргил одоогоос хоёр жилийн өмнө буюу 2020 оны долдугаар сарын 23-24-ний шилжих шөнө өндрөөс унаж, амь насаа алдсан байдаг.
Албаныхан шалгалтын ажиллагаа явуулж, түүнийг амь насаа алдсан хэргийн газраас бусдад дээрэмдүүлсэн гэх баримт илрүүлсэн. Өөрөөр хэлбэл, талийгаачийг амь насаа алдахаас нь өмнө иргэн Н гэгч нь дээрэмдсэн болох нь баримтаар тогтоогдож, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.
Улмаар өнгөрөгч долоо хоногт дээрх хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд, холбогдогч Н-д Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гурван жилийн хорих ял оногдуулжээ. Энэ хэрэг нь зургаадугаар сарын 24-нөөс өмнө үйлдэгдсэн учраас Өршөөлийн хуульд багтах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн гурван жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилсөн байна.
Хэдийгээр шүүх талийгаачийн дээрэмдүүлсэн гэх хэргийг тогтоож шийдвэрлэсэн ч талийгаачийн ар гэрийнхэн амиа алдсан шалтгаан нь яллагдагчтай холбоотой гэх байр суурьтай байна. Учир нь шүүх хуралд Г.Алтан-Оргил нь дээрэмдүүлэх гэмт хэргийн улмаас айснаас болоод унаж, амь нас хохироход хүрсэн эсэхэд шүүх дүгнэлт хийх ёстой гэж үзжээ.
Сэтгэгдэл ( 0 )