Киргизийн бөх Айпери Медет кызы энэ жил анх удаагаа Азийн аварга болсон билээ. Улаанбаатарт болсон тивийн аваргын дараа түүнтэй Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ярилцлага хийжээ.
-Чи чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Гэртээ ганцаараа байж, ном унших дуртай. Заримдаа хоол хийнэ.
-Чөлөөт бөхийн спортод хэрхэн оров?
-Айсулуу Тыныбековаг хараад чөлөөт бөхийн спортыг сонгосон. Би түүнтэй адилхан гадаадын уралдаан тэмцээнд оролцож, надад зориулан Киргизийн төрийн дуулал эгшиглэж, далбаа мандаасай гэж хүссэн. Спортын гэрбүлд өссөн минь бас нөлөөлсөн.
-Барилдах, түрүүлэх хүсэл эрмэлзэл, эрч хүчийг хаанаас авдаг вэ?
-Бүгдийг нь Айсулуу Тыныбековагаас авдаг гэж хэлэхэд болно. Тэр биднийг үргэлж урагш нь хөтөлдөг. Ямар ч хэцүү хүнд байсан Айсулуу хэзээ ч гомдол тавихгүй, тэвчдэг. Миний хажууд байнга байж, зөвлөгөө өгдөг. Баяр баясгалантай үе, хүнд үед ч үргэлж дэргэд байдаг. Би түүн шиг болохыг хүсч байна.
-Тамирчин болоод өөртөө тавьсан анхны зорилго юу вэ?
-Бүх тамирчны нэгэн адил Олимпын аварга болох. Би олимпод түрүүлэх гэж чөлөөт бөхийг сонгосон.
-Чиний гол өрсөлдөгч хэн бэ?
-Яг одоо бол Америкийн Аделин Грэйг гол өрсөлдөгч гэж үздэг.
-Хамгийн хэцүү барилдаан?
-Сербид болсон Дэлхийн Цомд баруун гарны гэмтэлтэй барилдсан. Хүрэл медалийн төлөө ОХУ-ын Екатерина Букинатай барилдахад гар огт хөдлөөгүй ч ялж чадсан.
-Хамгийн дурсгалтай барилдаан?
-Токио олимпын хагас шигшээд Америкийн Аделин Грэйтэй хийсэн барилдаан бол миний хамгийн шилдэг барилдаан. Харамсалтай нь 2:3 ялагдсан ч маш ихийг сурч, туршлага хуримтлуулсан. Би алдаандаа дүгнэлт хийсэн, дараа таарахаараа би түүнийг заавал ялах болно.
-Токио олимпын дараа өөртөө ямар дүгнэлт хийв?
-Токио олимп үнэхээр их зүйл өгсөн тэмцээн байлаа. Би хагас шигшээд ялагдаад дараа нь хүрэл медалийн төлөө бас ялагдсан. Багш дасгалжуулагч нартайгаа дүн шинжилгээ хийж, ямар бэлтгэл хийх хэрэгтэйгээ ярилцсан. Алдаа засах ажил минь одоо ч үргэлжилж байна. Дахиж тийм алдаа гаргахгүй.
-Ослогийн ДАШТ-ий хүрэл медаль, U-23 дэлхийн аваргын алтан медаль өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлсэн нь ойлгомжтой.
-Ослод би түрүүлэх гэж очсон ч харамсалтай нь хүрэл медальтай үлдсэн. Багш нар дахиж тэмцээнд оруулахгүй гэж шийдсэн ч би улирлыг алтан медальтай өндөрлүүлмээр байлаа. Хүнд байсан ч U-23 дэлхийн аваргад барилдаад түрүүлж, дэлхийн аварга болсон. Би сая Азийн аваргад алтан медаль авах гэж ирсэн, чадсандаа барятай байна. Энэ жилийг ч алтан медалиар өндөрлүүлэх хүсэлтэй. Бэлтгэл сайн байгаа.
-Киргизэд эмэгтэй чөлөөт бөх хөгжлийнхөө ид үед байх шиг.
-Айсулуу Тыныбековагийн ачаар Киргизэд эмэгтэй чөлөөт бөх хөгжиж байна гэж би боддог. Олон охид түүнийг хараад чөлөөт бөхөд орж ирж байна. Удахгүй ОХУ, Туркийн баг шиг манай эмэгтэй шигшээ баг олон улсын тэмцээнд бүтэн багаар оролцдог болно гэж итгэдэг.
-Улаанбаатарт түрүүллээ. Өөрийн барилдаанаа дүгнэвэл?
-Бүх зүйл амжилттай болсон гэж хэлж чадахгүй. Тэмцээний өмнө бэлтгэл 70 хувь л ханасан байсан. Би өмнө нь Азид хоёр мөнгөн медаль авч байсан. Энэ удаад алтан медаль авлаа. Гэхдээ би багш нарынхаа өгсөн үүрэг даалгаврыг бүрэн биелүүлж чадаагүй. Яг тэмцээний өмнө гар гэмтсэн. Тийм болохоор хүссэнээрээ сайн барилдаж чадсангүй. Энэ удаад Япон охид хүчтэй өрсөлдөгч байлаа.
-Залуу охидод зөвлөгөө өгвөл?
-Спортоор хичээлээрэй. Эрүүл энх байхаас гадна энэ бол амьдралын хамгийн зөв зам шүү. Чөлөөт бөх надад маш их тус болсон. Бөх бол амьдралын хичээл юм.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу Хатагтай ноён\nТанд зээл хэрэгтэй юу гэвэл jeanpaulrusell@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барина уу\nWhatsApp: 0033 7 55 40 49 85
Бичмээр байгаа ядахдаа өөрийнхөө шал арчигчдын тухай л бич л дээ, хаа байсан маньд ямар ч падгүй киргизэд нэг их ач холбогдол өгч ингэтлээ сүржигнэх хэрэг юу байна