Тедди Ринер: Монголчуудын дайчин чанараас суралцаж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 04


Францын жүдоч, олимпын хошой аварга, дэлхийн 10 удаагийн аварга Тедди Ринер Монголд ирж, манай тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байна.

Теддигийн хувьд гол зорилго нь 2024 оны Парисын олимп. Алдарт тамирчинтай бэлтгэлийн үеэр уулзаж, ярилцлаа.
 


-Бразилд та хэвтээ барилдааны бэлтгэл хийсэн гэсэн. Харин Монголд ямар бэлтгэл голчлон хийх төлөвлөгөөтэй байна вэ?

-Би Парисын олимпын циклээ Бразилд бэлтгэл хийж эхлүүлсэн. Монголд дараа нь ирлээ. Монголд ирсэн гол учир бол монголчууд их найрсаг, сайхан хүлээж авдаг ард түмэн. Хамтарсан бэлтгэл хийх дэд бүтэц, заал танхим сайтай. Монгол жүдочид хүчтэй, бэлтгэл нь чанартай байдаг. Танай бөхчүүд цээж барилдаан их сайн. Багш, дасгалжуулагч нарын заах арга барил мундаг.

-Монголчууд таны барилдааныг үзэх дуртай. Таныг ирэх зургаадугаар сард болох Улаанбаатар Их Дуулга тэмцээнд оролцоосой гэж хүсэж байгаа. Та барилдах уу?

-Харамсалтай нь оролцохгүй. Хэрэв бэлтгэл хэвийн байвал би долоодугаар сард болох Унгарын Их Дуулгад барилдана. Гэхдээ Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга намайг Улаанбаатарын Их Дуулгад оролцохыг хүссэн. Тийм болохоор оролцохгүй гэж бас яг хэлж чадахгүй байна. Энэ бололцоог ашиглаад Х.Баттулга ерөнхийлөгчид баярласнаа илэрхийлье. Хамтарсан бэлтгэл зохион байгуулж байгаа Монголын жүдо бөхийн холбооны хамт олонд баярлалаа.
 


-Бэлтгэл эхлээд хэд хоног өнгөрлөө. Монгол бөхчүүдээс сурах зүйл юу байна?

-Гурав хоног хамт бэлтгэл хийлээ. Монголчуудаас сурах зүйл гэвэл тэд их дайчин. Тэмцээнд оролцоогүй удсан болохоор би барилдааны мэдрэмжээ бага зэрэг алдсан байгаа. Харин монголчууд бэлтгэл дээр ч үнэн сэтгэлээсээ тулалддаг. Тэдний ачаар мэдрэмжээ эргүүлэн олж байна. Түүнээс биш би мэх, техникээ сайжруулья гэсэн зорилготой ирээгүй.

-Зодог, шуудаг өмсөөд Монгол үндэсний бөх барилдаж үзвэл?

-Би мэднэ, чадна шүү дээ. Монгол бөхийн бэлтгэл хийх бодолтой байгаа.
 


-Парисын олимпын зорилго тань мэдээж нутагтаа түрүүлж, алтан медаль авах. Олимпоос өмнө ямар тэмцээнүүдэд зодоглох вэ?

-Одоогийн байдлаар би Европын АШТ болон ДАШТ-д оролцох төлөвлөгөөтэй байгаа. Парисын олимпод түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. 

-Хүнд жинд таны гол өрсөлдөгч хэн бэ?

-Би хэн нэг тамирчныг онцолмооргүй байна. Бүгд л хүчтэй өрсөлдөгчид.

-Та олон жил тогтвортой сайхан барилдаж байна. Таны амжилтын нууц юу вэ?

-Нууц гэх юм байхгүй. Гол нь толгойгоо сайн ажиллуулах. Толгой ажиллаж байвал бүх юм урагштай явж байна гэж би үздэг. 
 


-Мэдээж хэзээ нэгэн цагт зодог тайлах үе ирнэ. Таныг амжилттай бизнес эрхлэгч гэдгийг бид мэднэ. Их Спортын дараа та ямар салбарт хүч сорих вэ?

-Парисын олимп бол миний сүүлийн олимп. Би олимпын дараа гэрбүлдээ их цаг зарцуулна гэж бодож байгаа. Хүү, охинтой. Хоёулаа жүдо бөхөөр хичээллэж байна. Зодог тайлаад хийх бизнесээ эхлүүлчихсэн байгаа. Өөрийн нэрийн брэнд кимоно, жүдоги өмсгөлөө Олон улсын жүдо бөхийн холбоогоор албан ёсоор батлуулсан.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top