Ирэх сард манай нийслэлд жүдо бөхийн Их Дуулга тэмцээн болох гэж байгаа билээ. Энэ өдрүүдэд Франц, Өмнөд Солонгос, Сингапурын шигшээ багийнхан ирж, хамтарсан бэлтгэл хийж байна.
Ялангуяа Өмнөд Солонгосоос 33 хүнтэй том баг иржээ. Тэдний дунд олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн аварга Ан Баул байлаа. Ан Баултай бэлтгэлийн дараа уулзаж, товч ярилцлаа.
-Монголд хамтарсан бэлтгэл хийхээр ирсэн зорилго?
-Монгол жүдочид их бяртай, чадалтай. Золгоо сайн. Тэднээс сурах юм их байна.
-Зургаадугаар сард Улаанбаатарт Их Дуулга тэмцээн болно. Оролцох уу? Таны фэн Монголд их олон бий.
-Надад оролцох хүсэл их байна. Гэхдээ манай шигшээ багийн дасгалжуулагч нар Их дуулгад залуу тамирчин явуулах уу, намайг явуулах уу гэдгийг шийднэ.
-2022 онд олон том тэмцээн болно. Та ямар тэмцээнд хүч сорих төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Миний өмнө олон тэмцээн уралдаан байна. Яг ямар тэмцээнд оролцох нь тодорхойгүй байгаа ч бэлтгэлээ сайн хангаж байгаа.
-Монголын жүдочидтой та олон удаа барилдаж байсан. Монголчуудын гол онцлог?
-Бүх тамирчин өөрийн гэсэн онцлогтой. Би хэнтэй ч барилдсан, сайн бэлтгэж, бүх чадлаа гаргаж барилддаг.
-Монголд анх удаа ирлээ. Таалагдаж байгаа зүйл юу вэ?
-Ирэхээсээ өмнө Монгол их хүйтэн орон гэж бодож байлаа. Өөрөө ирээд үзэхэд цаг агаар нь сайхан дулаан байна. Хоол унд нь ч таалагдаж байгаа.
Сэтгэгдэл ( 2 )