Монголын нэрийн өмнөөс барилдаж байсан иран жүдоч Саид Моллаи Азербайжаны иргэн болж, тус улсын нэрийн өмнөөс барилдах болсон нь жүдогийн ертөнцөд нэлээд шуугиан тарьлаа. Азербайжанд манай улс 2017 онд Э.Базаррагчаа (48кг), П.Буянхишиг (52 кг), М.Ичинхорлоо (57 кг) гэсэн гурван тамирчнаа илгээж байсан түүхтэй. Ингээд Азербайжаны спортын сонинд гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Заки Фейзуллаев
Олимпын мөнгөн медальт Саид Моллаи (81кг) Азербайжаны шигшээ багт шилжсэн нь жүдо бөхийн өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдал байлаа. Замналынхаа ид үед яваа, дээд зэрэглэлийн энэ тамирчин 2024 оны Парисын олимпод медалийн төлөө өрсөлдөх манай шигшээг хүчирхэгжүүлэх нь мэдээж.
Азербайжаны жүдо бөхийн холбооноос хоёр дахь олимпын циклдээ гадаадаас тамирчин авах үйл ажиллагааг тун амжилттай явууллаа гэж хэлж болно. Тус холбоо олон улсын тавцанд нэр хүндтэй, амжилттай тамирчныг урьж авчран багаа сайжруулж, асуудалтай байгаа жингээ шийдэж чадаж байна. Тэр тусмаа урьсан тамирчдыг нь гадаад тамирчин легионер гэж нэрлэхэд хүндрэлтэй, бараг манай бөх гээд хэлчихэд буруудахгүй. Токио олимпод манай жүдочдоос ганцаараа медаль авсан эмэгтэй хүнд жингийн Ирина Киндзерскаягийн нөхөр нь азербайжан залуу. Тэгвэл Саид Моллаигийн цусаар манай, бидний азербайжан цус гүйж байна. Украин гаралтай Ирина дайн дажны улмаас барилдах битгий хэл зодог тайлж магадгүй гэдгээ мэдэгдсэн бол Саид одоо ёстой ирэн дээрээ яваа тамирчин. Тэр шинэ амжилт гаргах эрч хүч дүүрэн байна.
Саид ирснээр манай шигшээ багийн 81 кг-ын жингийн асуудал шийдэгдэнэ. Энэ жинд тамирчин дутагдаж байгаа хэрэг биш ч дэлхийн хэмжээний жүдоч алга. Өнгөрсөн олимпын циклд Токио олимпын эрхээ эцсийн мөчид авсан. Мурад Фатиев Токиод очсон ч хоёрдугаар тойрогт Моллаид ялагдсан билээ. Урьд өмнөх түүхийг сөхөн харваас 81 кг-д манайд олимпод гурван удаа оролцсон Мехман Азизов болон домогт Эльнур Мамедли гэсэн хоёр од л байсан. Мамедли Бээжинд түрүүлснийхээ дараа 2012 оны олимпод жин өгсөж ороод амжилт гаргаж чадаагүй. Энэ утгаараа Саид Моллаи бол Азербайжаны жүдо ертөнцөд маш том олз юм.
Сүүлийн хоёр жил Монголын нэр дээр барилдсан Саид Моллаи чансааныхаа оноог хадгалан үлдэж чадсан нь ч маш чухал зүйл боллоо. Одоо тэр дэлхийд 7-д бичигдэж байна. Саид хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын Анталья Их Дуулгад оролцсон. Хоёрдугаар тойргоос гарч барилдаад, Германы Доминик Ресселд ялагдсан байгаа. Гэхдээ тэр гол өрсөлдөгч нартайгаа барилдааны харьцаа давуу гэсэн бас нэг сайн талтай. Жишээ нь, Бакугийн ДАШТ-ий финалд Японы Сотаро Фүживараг ялж байв.
Ер нь Азербайжанд болсон тэмцээнд Саид амжилттай оролцдог уламжлалтай. 2019 онд Бакуд Исламын орнуудын наадамд түрүүлсэн бол 2017 онд Их Дуулгын мөнгөн медаль хүртэж байсан. Тэрээр 2018 онд дэлхийн чансааг тэргүүлж, Дюссельдорф Их Дуулга, Хөх хот Гран При гээд олон тэмцээний алтан медальтай.
Нэг үгээр хэлэхэд Саид Моллаи Азербайжаны жүдод бодит ашиг авчирч чадах, дэлхийн хэмжээний од тамирчин. Үүнд эргэлзэх зүйл байхгүй.
Сэтгэгдэл ( 5 )
Моломдоо амжилт хүсье! Ямарч шалтгаан байж болноо.
Яаж барилдахыг нь харъя яс нь бүтэн байгаасаа . Өрөвдөхөд өр ашиглана гэж . Хүний хүүхэд хүрэн бөөртө гэж сайн яваарай гэж ерөөё
UYACHAASAA BOLDOG BAIH SHUU OLZ BOLJ SUID BOLOH NI YAMAR L BOL
Mongoliin irgen bizdee. Mongoliin judogiin holboonoos zuvshuurul avsiimuu.
amjilt gargaj yavaa 1nee demj hundelj uz Mglchuud mine uursdu chadhgui bga biz dee