Зурагчин Д.Нямбилэгийн “Бээжин олимп” үзэсгэлэн нээгдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 10

“Бид ирээдүйн төлөө хамтдаа – Монголын ард түмний нүдэнд Бээжингийн олимп” гэрэл зураг, уран зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Блюмон төвийн Norphei Art галерейд боллоо. Үзэсгэлэнг Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос хамтран зохион байгуулж байгаа юм.

Үзэсгэлэнд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, спортын гэрэл зурагчин Д.Нямбилэгийн "Бээжин-2022" өвлийн олимпын ховор агшин, хурц өрсөлдөөнийг илтгэн харуулсан 33 гэрэл зураг тавигджээ.

Нээлтийн ёслолд БНХАУ-ын ЭСЯ-ны Элчин сайдын түр орлогч Жан Мү Шин, ЭСЯ-ны Соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Соёлын төвийн захирал Цэнь Шуань, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монгол Улсаас БНХАУ дахь Элчин сайд асан Г.Батсүх, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ц.Батбаатар нар оролцлоо.

Мөн Бээжин олимпод оролцсон Монголын багийн ахлагч Ц.Сандуй, тамирчин Б.Ачбадрах, А.Энхтуул нар ирж, спорт сонирхогчидтой дурсгалын зураг татуулан, олимпын талаар ярилцлаа.

Ингээд гэрэл зурагчин Д.Нямбилэгтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

Д.Нямбилэг “Юуны өмнө энэ хүнд цар тахлын үед цаг хугацаанд нь Өвлийн олимпын наадмыг зохион байгуулахаар Хятадын ард түмэн хичээн ажилласныг дурдмаар байна. Тэд үнэхээр чадсан, сайхан наадам болсон. БНХАУ-ын ЭСЯ, Монгол Улсын БТСУХ-ноос хамтран зохион байгуулж байгаа үзэсгэлэнд миний гэрэл зураг тавигдсанд би их баяртай байна. Би өнгөрсөн Бээжингийн олимпод гэрэл зурагчнаар ажиллалаа. Маш олон гэрэл зураг авснаасаа 33-ыг үзэсгэлэндээ орууллаа. Миний хувьд олимпын сайхан торгон агшин, баяр хөөр, өрсөлдөөнийг харуулсан гэрэл зургуудаа сонгохыг эрмэлзсэн. Хэр зураг авсныг минь үзэгчид дүгнэх байх. Нээлтийн ажиллагаанд олон зочин ирлээ. Сэтгэл дүүрэн, их сайхан байна. Спортын гэрэл зураг бол бусад төрлөөс огт өөр. Сайхан агшин буулгах нь цаг, минут биш секунд, долиор хэмжигддэг. Нүд ирмэхийн зуур яваад өнгөрдөг. Энэ мөчийг буулгах нь спортын гэрэл зурагчны үүрэг. Тэр торгон агшинг мэдэрдэг байх ёстой. Гол нь авхаалжтай, шалмаг байхаас гадна тухайн спортоо ойлгодог байх хэрэгтэй. Би 2018 онд Жакартагийн Азийн наадам, өнгөрсөн жил Токио олимпын наадам, Ослогийн чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээн, энэ жил Бээжин өвлийн олимпод зураг авлаа. Хамгийн дурсгалтай бүтээл гэвэл Токио олимпод жүдо бөхийн тэмцээнд манай Ц.Цогтбаатар медаль авах үед бүх гэрэл зурагчид нэг талаас л зураг аваад. Би санаандгүй ганцаараа эсрэг талд нь зогсож байтал медаль авсан тамирчид бүгд наашаа эргэж хараад үзэгчдэд хүндэтгэл үзүүллээ. Ёстой азтай, гав ганцаараа. Тэр зурагт их гоё агшин таарсан. Намайг ганцаараа тэнд зураг авч байхыг миний гэрэл зургийн багш, Монголын Соёлын Гавьяат зүтгэлтэн Ч.Ганбат нөгөө талаас авч, “мөнхжүүлсэн” байдаг. Үзэсгэлэнд ирж сонирхоорой гэж спорт сонирхогчид, гэрэл зураг сонирхогчдоо урьж байна” гэж ярив.

ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Үнэнч Хөх хотоос онлайнаар оролцож, “Сайхан үзэсгэлэн болж байгаад баяртай байна. Монгол анд нөхөддөө барялалаа. Тавдугаар сарын хаврын энэ өдөр бид Улаанбаатарт Бээжингийн өвлийн олимпыг эргэн дурсаж байгаадаа баяртай байна. Монголын ард түмний нүдэнд Бээжингийн олимп хэрхэн туссан бол? Энэ асуултны хариуг та бүхэн гэрэл зураг, уран зургийн үзэсгэлэнгээс харж чадах юм. Бээжингийн олимп, паралимпийн наадмыг амжилттай, аюулгүй зохион байгуулна гэсэн амлалтдаа манай ард түмэн хүрсэн. Хятад, Монгол хоёр улс уул усаар залгалдаж, хувь тавилан нэгтэй билээ. Сүүлийн жилүүдэд хоёр орны хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Бээжингийн олимпын наадам манай хоёр ард түмний эв найрамдлын гэрч болсон. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олимпын нээлтийн ёслолд өөрийн биеэр оролцсон. Та бүхэнд аз жаргал, амжилт хүсье” гэж талархал дэвшүүллээ.

Ийнхүү “Бид ирээдүйн төлөө хамтдаа – Монголын ард түмний нүдэнд Бээжингийн олимп” үзэсгэлэн олны хүртээл болж эхэллээ. Үзэсгэлэн дөрөв хоног Norphei Art галерейд гараад Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвд энэ сарыг дуустал гарах юм.    

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top