Шри Ланкад Засгийн газраа эсэргүүцсэн жагсаалын үеэр 200 гаруй хүн шархдаж, таван хүн амиа алдаад байна. Мөн нулимс асгаруулагч хий бүхий гранат дэлбэрсний улмаас 24 настай цагдаа амиа алдсан байна.
Өнгөрсөн сараас эхэлсэн эсэргүүцлийн жагсаалтай холбогдуулан даваа гарагт тус улсын Ерөнхий сайд Махинда Ражапакса огцрох өргөдлөө өгснийг тус улсын Ерөнхийлөгч, түүний дүү Готабая Ражапакса хүлээн авчээ.
Махинда Ражапакса ард иргэддээ хандан хүлээцтэй хандахыг уриалж, хүчирхийлэл зөвхөн хүчирхийллийг төрүүлдэг хэмээн сануулсан байна.
Энэ үеэр Шри Ланкагийн хууль тогтоогч жагсагчдын нэгийг хөнөөсний дараа өөрийгөө егүүтгэсэн хэрэг гарчээ. Парламентын гишүүн Амаракийрти Атукорала түүний машиныг бүсэлсэн жагсагчид руу гал нээсний улмаас хоёр хүн шархаджээ. Тэр хоёрын нэг нь шархаа даалгүй амиа алдсан байна. Хууль тогтоогч хэргийн газраас зугтан, ойролцоох байранд хорогдоход жагсагчид байрыг бүсэлж, түүнийг гарч ирэхийг шаардсан байна. Тэрээр тус байранд өөрийгөө буудаж, хөнөөжээ.
Дөрөвдүгээр сараас эхлэн Шри Ланка улсад Засгийн газраа эсэргүүцсэн жагсаал үргэлжилж байна. Коронавирусний цар тахлын улмаас гаднын жуулчдын тоо багасаж, валютын нөөцийн хомсдол үүссэнээс үүдэн тус улсад түлш, хүнсний хомсдол нүүрлээд байна. Засгийн газраас хэмнэлтийн горимд шилжиж, импортыг хязгаарласан нь инфляц 25 хувиар өсөхөд хүргэжээ. Тус улсын гадаад өрийн хэмжээ 51 тэрбум ам.долларт хүрсэн нь эдийн засгийн хямралыг шийдэхэд асуудал үүсгэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )