Румыны нийслэл Бухарест хотноо олон мянган хүн оролцсон “Ардчиллын төлөө цуглаан” нэртэй эсэргүүцлийн жагсаал болсон тухай Agerpres агентлаг мэдээлжээ.
“Румынчуудын нэгдлийн төлөө эвсэл” намаас зохион байгуулсан жагсаалд оролцогчид ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг цуцлах, тус улсын ерөнхийлөгч Клаус Йоханнисын бүрэн эрхийг сунгах тухай Үндсэн хуулийн шүүхийн тогтоолыг хүчингүй болгохыг шаардсан байна. Тус намын дарга Жорже Симионы мэдэгдсэнээр, жагсаалд 100 мянга гаруй хүн оролцсон бөгөөд дэвшүүлсэн шаардлагыг нь биелүүлэх хүртэл эсэргүүцлийн ажиллагаа Бухарест болон бусад хотод үргэлжлэх аж. Олон мужаас Бухарестад ирсэн хүмүүс засгийн газар болон ерөнхийлөгчийн уриа хашгирч байжээ. 10 гаруй цаг үргэлжилсэн жагсаал цуглааны үеэр ноцтой хэрэг явдал гараагүй байна.
Румыны ерөнхийлөгчийн сонгуулийн 2024 оны арваннэгдүгээр сарын 24-нд болсон эхний шатанд бие даан нэр дэвшигч Кэлин Жоржеску 22,94%-ийн саналаар тэргүүлсэн бол Румыныг аврах холбоо намын дарга Елена Ласкони 19,18%-ийн саналаар хоёрдугаар байрт орсон юм. Тэд мөн оны арванхоёрдугаар сарын 8-нд болох байсан сонгуулийн хоёрдугаар шатанд өрсөлдөхөөр болсон боловч Румыны Үндсэн хуулийн шүүх арванхоёрдугаар сарын 6-нд санал хураалтыг дахин явуулах тухай тогтоол гаргасан байна. Румыны Социал-демократ нам, Үндэсний либерал нам, Унгарчуудын ардчилсан холбоо намаас бүрддэг эрх баригч эвслийн удирдагчид ерөнхийлөгчийн сонгуулийг 2025 оны тавдугаар сарын 4 болон тавдугаар сарын 18-нд дахин явуулахаар шийдвэрлэсэн ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
за бараг л бидний нэг гэдэг шиг л улс даа зайлуул, европын холбоонд таалагдаагүй учир сонгуулийн саналыг нь хүчингүй болгож, доллар евро шүтдэг ардчилсан ерөнхийлэгчийг хүчээр томилсон болно, иймд ард түмэн эх оронч хүний төлөө жагсаж байгаа юм цаашид ч үргэлжилэх болно