Ц.Энхтүвшин, Таван Цагариг
АНУ-д ажиллаж, сурч, амьдардаг монголчууд спортын цөөнгүй төрлөөр уралдаан, тэмцээн зохиодог уламжлалтай. Хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, теннис, гольф, боулинг, үндэсний шагайн харваа дээр энэ жилээс оюун ухааны спортын анхдагч болон шатрын спорт нэмэгдлээ.
Дэлхий дахинаа нүүрлэсэн цар тахлын улмаас хоёр жил завсарласан спортын уралдаан тэмцээнүүд энэ жилээс дахин зохиогдож эхэлсэн билээ. Америк дахь монголчууд 2022 он гарсаар Сан Диегод гольфоор, Денверт боулингаар, Солт Лэйк Ситид ширээний теннисээр АШТ-ээ зохион байгуулсан. Тэгвэл ирэх зургаадугаар сард гурван ч том тэмцээн болох нь.
Тухайлбал, зургаадугаар сарын 5-нд Лос-Анжелес хотноо шатрын, зургаадугаар сарын 10-12-нд Денверт хөлбөмбөгийн, зургаадугаар сарын 18-19-нд теннисийн Америк дахь монголчуудын аварга шалгаруулах тэмцээн тус тус болох нь.
Энэ удаа шатрын тэмцээний тухай мэдээлэл хүргэе. Америк дахь монголчууд анх удаагаа шатрын спортоор аварга тодруулах гэж буй. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч нь "DBN carrier, Inc" хэмээх Лос-Анжелесийн монгол эзэнтэй компани. Спортод "элэгтэй" бас нэгэн бизнес монголчуудынхаа оюун ухааны спортод бодитой "хөрөнгө оруулалт" хийж байгаа нь бахархмаар, баяр хүргэмээр.
Тэмцээнийг мөн "Хөх морь" шатрын клуб, Лос Анжелесийн монголчуудын холбоо мөн хамтран зохион байгуулна. Тэмцээнд маш олон алдар цуутай, нэртэй шатарчид оролцоно.
Шатрын оргил буюу Их мастер (GM) цолын эзэн Цэгмэдийн Батчулуун, Эмэгтэй Их мастер (WGM), эрэгтэй олон улсын мастер (IM) Түвшингтөгсийн Батчимэг, шатрын олон улсын мастер (WIM) Цагааны Батцэцэг, шатрын олон улсын мастер (WIM) Түвшинтөгсийн Батцэцэг, дэлхийн шатрын холбооны (FIDE master) нараас гадна сурагчдын Дэлхийн АШТ-ий багийн алтан медальт, спортын мастер Н.Бадамханд, сурагчдын ДАШТ-ий багийн алтан медальт, спортын мастер Ц.Сайханчимэг, ФИДЕ мастер Б.Уянга, 2008 оны Дрездений Дэлхийн шатрын олимпиадын С ангиллын аварга , ФИДЕ мастер Ц.Мөнхчулуун, спортын дэд мастер Г.Амаржаргал, спортын дэд мастер М.Чойжилжав, спортын мастер Д.Бат-Эрдэнэ, олон улсын мастер (IM) Т.Энхбат, олон улсын мастер (IM) О.Ганболд нарын шатарчид оролцож, "уулгүй талд, цусгүй байлдаж", " уран бэрийн нүүдэл", "бэрсний гамбит"үзүүлэх ажээ.
Гэхдээ тэмцээн мастерууд болон сонирхогчдын гэсэн хоёр ангиллаар (эрэгтэй, эмэгтэй тусдаа) явагдах тул шатар сонирхогчдод хэн ч бай, найман настай балчираас, наян настай буурал хүртэл дээрх томчуудаас бэргэлгүй өрөг тавих боломжтой.
Мөн Их мастер Ц.Батчулуун тэмцээний үеэр шатар сонирхогчидтой зэрэг тоглолт хийнэ. Шатрын Их мастер өрөг тавьж, нүүдэл "зөрүүлнэ" гэдэг тэр болгон олдохгүй ховор боломж шүү!
Сэтгэгдэл ( 0 )