ОУВС-гийн Ажлын хэсгийн дүгнэлт: Хөгжлийн банкийг татан буулгах хувилбарыг ч тооцох хэрэгтэй

2022 оны 05 сарын 13

ОУВС-гийн ажлын хэсэг манай улсад дөрөвдүгээр сарын 28-наас  тавдугаар сарын 4-ний өдрүүдэд ажиллаж, эрх баригчидтай яриа хэлэлцээ хийсэн билээ. Ажлын хэсгийн гишүүд айлчлалын урьдчилсан үр дүнд үндэслэн гаргасан тайлангаа ОУВС-гийн удирдлагад танилцуулж зөвшөөрөл авсны дараагаар Захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлж,  шийдвэр гаргуулдаг дараалалтай байдаг.

Тэгвэл Ажлын хэсэгт багтсан мэргэжилтнүүд Монголын эдийн засаг, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдалд өгсөн дүгнэлтийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Уг дүгнэлт нь манай улсад ажилласан Ажлын хэсгийн гишүүдийн байр суурь бөгөөд ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн байр суурийг шууд  илэрхийлэхгүй гэдгийг дүгнэлтийн эхэнд дурдсан байна.

Ингээд Монгол Улсад долоо хоногийн хугацаанд ажиллаж, эрх баригчидтай, холбогдох төр, хувийн хэвшлийнхэнтэй уулзаж яриа хэлэлцээ хийсэн тус сангийн гишүүдийн дүгнэлтэд онцолсон мэдээлэлд анхаарал хандуулъя.

Монгол Улс дэлхийн хэмжээний шок, хилийн хязгаарлалт гэсэн давхар хүндрэлд ороод байна. Экспортын үнийн өндөр өсөлт явагдаж байгаа хэдий ч Монгол Улсын эдийн засагт стагфляци үүсч, төлөв байдал илүү муудах эрсдэл нэмэгдэж байна. Мөнгөний бодлогын хүрээнд холбогдох арга хэмжээг саяхан авсан, мөн инфляцын үндсэн шалтгаан нь дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, нийлүүлэлтийн доголдол байгаа учраас мөнгөний бодлогын байр суурийг одоогоор өөрчлөх шаардлагагүй байна. Цалин хөлс, үнэ ээлж дараалан аажмаар өсөх үзэгдэл (эргүүлэг) шинээр гарч ирсэн нөхцөлд мөнгөний бодлогыг нэмж хатууруулах шаардлага үүсч магадгүй. Гэсэн хэдий ч төсвийн бодлого болоод төсвийн шинжтэй зардлыг танаж, валютын ханшийг илүү уян хатан болгож байж мөнгөний бодлогын шийдвэрийг дэмжин, улмаар гадаад, дотоод үнийн тогтвортой байдлыг хангаж чадна.

Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг нимгэлэх зорилгоор өмнө зарласан арга хэмжээнүүд дээр нэмж шинээр хэрэгжүүлэх төсвийн аливаа дэмжлэгийг гагцхүү зорилтот бүлэгт чиглүүлэх ёстой. Гадаад шокийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөв, санхүү, бүтэц, засаглалын шинэчлэлүүд бүгд үргэлжлэх ёстой. Монголбанк өөрийн хүлээсэн үүргийн хүрээнд банкуудад активын чанарын үнэлгээ хийж, банкуудын хувьцааг нийтэд санал болгох (IPO) үйл явцыг сайн чанартай явуулж, санхүүгийн тогтвортой байдалд аюул учруулахгүйн тулд Монголбанкинд олгогдсон бүхий л эрх мэдлийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Засаглалыг бэхжүүлэх нь шийдвэрлэх ач холбогдолтой бөгөөд нэн ялангуяа Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэхэд чухал шаардлагатай юм

Стагфляцид орох төлөв харагдаж байна.

Дэлхийн хэмжээний шок болон хоёр хил дээр үүссэн нөхцөл байдал Монгол Улсад хүнд цохилт болж байна. Засгийн газар цар тахлыг хяналтандаа амжилттай оруулж, өөрийн хил хязгаараа олон улсын аялал жуулчлалд нээлттэй болгосон хэдий ч БНХАУ-ын тал хилээ урт хугацаагаар хаалттай байлгаж байгаагаас Монгол Улсын түүхий эдээ экспортод гаргаж, экспортын өндөр үнийн өсөлтийн үр өгөөжийг хүртэх боломж хязгаарлагдаж байна. ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин ирдэг хүнсний импорт, мөн БНХАУ-аас авдаг импортын тасалдал, нийлүүлэлтийн бусад саатал эдийн засгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлэн дэлхийн зах зээл дээр газрын тос болон хүнсний барааны үнэ өссөнөөс улбаатай эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг улам хүндрүүлж байна. Эдгээр хүчин зүйлийн улмаас инфляц Монголбанкны зорилтот түвшингээс хол давж, Украинд дайн эхэлснээс хойш үнийн өсөлт улам бүр эрчимжлээ. Экспортын биет хэмжээ нэмэгдэхгүй, үнийн өсөлтөөс шалтгаалан импортын өртөг нэмэгдэж, нэг хэсэг багассан байсан эрэлт огцом өсч байгаагаас валютын ханшин дээр дарамт үүсэж гадаад валютын албан нөөц хорогдоход хүрлээ.

Өндөр хүлээлттэй байсан цар тахлын дараах сэргэлт хойшлогдож байна. Цаашдын төлөвт стагфляц харагдаж байна. 2021 оны 11-р сард хийсэн төсөөллөөр эдийн засаг 2022 онд 7 хувийн өсөлттэй гарахаар байсан бол одоо тун бага буюу 1 хувийн өсөлттэй гарах төлөвтэй байна. БНХАУ-ын хилийн хаалт цаашид илүү урт хугацаанд үргэлжилвэл экспорт болон дотоод эдийн засгийн үйл ажиллагаа хязгаарлагдах бөгөөд бодит цалин хөлс багасч, улмаар дотоодын хэрэглээнд сөргөөр нөлөөлнө. ОХУ, БНХАУ-аас ирэх импорт тасалдаж, эдийн засгийн идэвхжил мөн суларч магадгүй. Инфляц 2022 онд дунджаар 14½ хувьд хүрч өндөр түвшинд хадгалагдахаар байгаа нь дэлхийн хэмжээний үнийн өсөлтийн шууд илрэл юм.

Цаашдын төлөв байдал тодорхой бус бөгөөд байдлыг нэмж доройтуулах эрсдэл олон байна. Тухайлбал, түүхий эдийн үнийн хэлбэлзэл үүсэх, БНХАУ хилээ удаан хугацаагаар үргэлжлүүлэн хаалттай байлгах, ОХУ-ын эсрэг авч байгаа хориг арга хэмжээнүүд шинээр нэмэгдэх, дэлхийн санхүүгийн зах зээл дээр эх үүсвэр хомстох, цар тахал дахин дэгдэх зэрэг эрсдэлүүд байна. Хамгийн муу хувилбараар тооцож үзэхэд ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээтэй холбоотойгоор бий болсон корреспондент банкны харилцааны асуудлыг цаг алдалгүй шийдэж чадахгүй бол Монгол Улсын эдийн засаг зогсонги байдалд орж болзошгүй байна.

Дунд хугацааны төлөв байдал таатай хэвээр байна. Хил дээрх саад бэрхшээл, геополитикийн шок энэ оны эцэс гэхэд шийдвэрлэгдэж чадвал Монгол Улс түүхий эдийн өндөр үнэ болон 2023 оноос эхлэх Оюутолгой төслийн далд уурхайн үйлдвэрлэлээс эдийн засгийн гэнэтийн их ашиг хүртэх боломжтой юм. 2023-2025 онуудад эдийн засгийн өсөлт 6 хувиас давж, түүхий эдийн өндөр үнэ гадаад секторын болон төсвийн тэнцлийг сайжруулж чадна.Эдийн засгийн бодлогыг чангаруулах онцгой шаардлага байна.

Инфляцийг барих. Инфляц гол төлөв Монголбанкны хяналтаас гадуур орших нийлүүлэлтийн хүчин зүйлээр өдөөгдсөн, мөн Монголбанкны зүгээс шаардлагатай арга хэмжээг саяхан авсны зэрэгцээ эдийн засгийн өсөлт доогуур байгаа учраас мөнгөний бодлогын байр суурийг одоохондоо нэмж өөрчлөх шаардлагагүй. Нөхцөл байдал цаашид хэрхэн өөрчлөгдөхөөс шийдвэр шууд хамаарна. Гэсэн хэдий ч инфляцийн хүлээлт хяналтаас гарахаас сэргийлж Монголбанк байнгын ажиглалт шинжилгээ хийж байх хэрэгтэй. Монголбанк энэ зорилгынхоо хүрээнд 2020 оноос хойш засгийн газраас эдийн засгийг дэмжих үүднээс авч хэрэгжүүлсэн олон төрлийн арга хэмжээ болон тэтгэврийн доод хэмжээг огцом нэмсэн, удахгүй батлагдах цалин хөлсний доод хэмжээний өсөлтийн инфляцид үзүүлэх үр нөлөөг сайтар ажиглан шинжлэх хэрэгтэй. Цалин хөлс, үнэ ээлж дараалан аажим нэмэгдэх үзэгдэл үүсвэл бодлогоо нэмж чангаруулах шаардлагатай болно. Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагаагаа 2022 оныг дуустал үргэлжлүүлэхээс өөр аргагүй байдалд орсон байгаа. Нийлүүлэлт нь хязгаарлагдсан эдийн засагт энэ мэт зорилтот бүлэгт чиглээгүй дэмжлэг нь зөвхөн инфляц, ханшийн дарамтыг өдөөж, улмаар мөнгөний хатуу бодлогын үр нөлөөг бууруулах учраас төсөвтэй адилтгах зардлыг нэн даруй зогсоох ёстой. Ингэснээр Монголбанкны үйл ажиллагааны хараат бус бие даасан байдал хангагдаж, ОУВС-гаас Монгол Улсад 2020 онд олгосон онцгой байдлын санхүүжилтийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд дөхөм болох учиртай.

Гадаад валютын ханшийн дарамтыг шийдвэрлэх. Монголбанк саяхнаас валютын ханшийг тодорхой хэмжээнд зах зээлийн зарчмаар тогтох нөхцөлийг бүрдүүлсэн нь зөв зүйтэй алхам байлаа. Энэ нь Монгол Улсын гадаад төлөв сорилттой тулгарсан, гадаад өрийн хэмжээ болон импортын хамаарал өндөр, гадаад валютын албан нөөц буурч байгаа өнөөгийн нөхцөлд валютын ханш илүү уян хатан байснаар гадаад шокийн нөлөөлөлийг зөөлрүүлэх гол хэрэгслэл юм. Ханш илүү уян хатан болсноор инфляцид шууд нөлөөлөх учраас бодлогын амаргүй сонголт болох хэдий ч хувийн хэвшилд гадаад өр төлбөрөө удирдан зохицуулах илүү сайн хөшүүрэг болж, импортыг тогтворжуулан ашиг хонжоо хайсан үйлдлийг хязгаарлахад туслах юм. Монголбанкны гадаад валютын интервенц, тэр дундаа гадаад валютын дуудлага худалдаан дээрх захиргааны арга хэмжээг зөвхөн төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид огцом хэлбэлзэл бий болгохгүй байхад чиглүүлэх ёстой. Мөн түүнчлэн, ханшийн зөрүүнээс ашиг хонжоо хайсан үйлдлийг хязгаарлах үүднээс олон нийттэй харилцахад зориулж үр дүнтэй стратеги боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэй. Зах зээл дээр валютын нийлүүлэлт орж ирэх үед худалдаж авах замаар гадаад валютын нө өцөө нэмэгдүүлэх шаардлагатай. Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хөнгөвчлөх. Зарим хүмүүс цар тахлын үед засгийн газраас олгосон хэрэгцээтэй боловч хэт их бодлогын дэмжлэгийн багагүй хэсгийг хадгаламжиндаа хийсэн бөгөөд одоо тулгарч байгаа эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг давж туулахдаа ашиглах боломжтой. Цаашилбал, цар тахлын үед олгож байсан дэмжлэгийн арга хэмжээнүүдийг 2022 оны эцэс хүртэл сунгасан. Иймд эдийн засгийн одоогийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулах аливаа нэмэлт дэмжлэгийг түр хугацаанд олгож эмзэг бүлэгт чиглүүлэх шаардлагатай байна. Төсвийн бодлогод байнгын шинжтэй өөрчлөлт хийх нь төсвийн алдагдлыг бууруулах зайлшгүй шаардлагыг саад тотгор болох учраас ийм шийдвэрээс зайлсхийх хэрэгтэй.

Нийлүүлэлтийн сүлжээнд үүссэн саатал, тэтгэврийн болоод цалин хөлсний доод хэмжээг бодит дүнгээр огцом нэмж байгаа нь цаашдаа инфляцийг нэмж өдөөх учраас сөрөг үр дагавартай байх талтай байхыг санах хэрэгтэй. Нийлүүлэлтэнд үүссэн саатлыг шийдвэрлэхийн тулд БНХАУ-ын хил дээр экспортыг хүний хавьтал үүсгэхгүй автоматжуулсан үйл явцаар хийх ажлыг эрчимжүүлэх, тэр чиглэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх нь зүйтэй. Засгийн газраас эрчим хүчний үнийг зах зээлийн зарчмаар тогтох нөхцлийг бүрдүүлэх бодлого баримталж байгаа нь төсвийн хязгаарлагдмал хөрөнгийг зохистой зарцуулаад зогсохгүй эрчим хүчний хэрэглээг хэмнэхэд туслах учраас зүйтэй шийдвэр юм.

Төсвийн зардлыг танаж инфляц, гадаад секторын дарамт, өрийг хазаарлах. Мөнгөний бодлогын хүрээнд инфляцийг хазаарлах зорилгоор гаргасан шийдвэрийг дэмжих үүднээс төсвийн алдагдлыг дорвитой бууруулах зайлшгүй шаардлагатай байна. Инфляцийг барихын тулд дан ганц мөнгөний бодлогын арга хэмжээ авах нь нөхцөл байдлыг тогтворгүй болгож болзошгүй юм. Монгол Улсын гадаад өрийн хэмжээ өндөр, 2023 онд том дүнтэй эргэн төлөлтүүд хийгдэх ёстой, мөн дэлхийн эдийн засаг ихээхэн тодорхой бус байдалд байгаа зэргийг харгалзан төсвийн зохистой бодлого баримтлах шаардлагатай байна. Энэ хүрээнд, 2022 оны төсвийн тодотголд эмзэг бүлэгт чиглэсэн бодлогын дэмжлэг үзүүлэх шинэ арга хэмжээнүүдийг тусгаж, урсгал зардлыг танаж, тэвчиж болох төсвийн хөрөнгө оруулалтыг хасах замаар гэнэтийн их орлогын зарим хэсгийг хадгалахаар тусгагдсан. Харамсалтай нь, хүүхдийн мөнгийг бүхэлд нь бэлнээр олгохоор шийдвэрлэж байгаа нь эрэлтийн (мөн инфляцийн) дарамтыг нэмэхээр байна. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдийнхээ мөнгийг дараа хэрэглэх зорилгоор хадгалвал энэ дарамт багасна. 2023 оны төсвийг болгоомжилсон байр суурьнаас боловсруулах нь зүйтэй бөгөөд ингэхдээ төсвийн алдагдлыг бууруулах болон төсвийн дэмжлэг үзүүлэх гэсэн хоёр зорилтын зөв тэнцвэрийг олох ёстой. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох замаар төсвийн орлогыг нэмэх нь боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцэд зайлшгүй шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх шударга арга зам бөгөөд эдийн засгийн өсөлтийн боломжийг дунд хугацаанд сайжруулна. Нийгмийн хамгааллын хөтөлбөрийг эмзэг бүлэгт илүү сайн чиглүүлэн инфляцийг нэмэхгүйгээр ядуурлыг бууруулах, тэгш байдлыг нэмэгдүүлэх, зардлын үр ашгийг сайжруулах нь зүйтэй. Тодорхой бус байдал өндөр байгаа, түүхий эдийн үнэ хэлбэлзэлтэй байдгийг харгалзан төсвийн гэнэтийн их орлогоос зайлшгүй шаардлагатай (жишээ нь эрүүл мэнд) зардлын санхүүжилтийг бодит өртгөөр хангасны дараа хуримтлал болгох нь зүйтэй.

Хөрөнгө оруулалтын шинэ төслүүд, төсвөөс олгох урамшуулал (жишээ нь төвлөрлийг сааруулах)-ын санхүүжилтийн тогтолцоог зөв зохион байгуулж, дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулах хэрэгтэй. Эрх баригчид өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байхад чиглэсэн шинэчлэлийн арга хэмжээ хэрэгжүүлэхийн оронд төсвийн хамгаалалтын нөөцийг ашиглахаас зайлсхийх ёстой. Иймд Ирээдүйн өв сангийн хуримтлалыг ашиглаж зорилтот бүлэгт чиглээгүй нийгмийн халамжийн өсгөсөн дүнг байнгын болгож санхүүжүүлэх талаар 2021 онд хийсэн хуулийн өөрчлөлтүүдийг буцаах шаардлагатай.

Гадаад шокийн эрсдэл даах чадварыг бүрдүүлэх. Бүтцийн шинэчлэлийн дорвитой төлөвлөгөөг нарийвчлан боловсруулан, сайн хэрэгжүүлж Монгол Улсын гадаад зээлээс хамаарах хамаарлыг бууруулах нь зүйтэй. Өрийн дунд хугацааны шинэ стратегид өрийн хязгаарыг нэрлэсэн дүнгээр нь тогтоож, дотоод зээллэг хийх тухай тусгаж амжилттай хэрэгжүүлсэнээр төсвийн бодлогыг зохистой байлгаж, өрийн тогтвортой байдлыг хангахад туслах учиртай. Урт хугацаанд нэмэгдэх төлөвтэй байгаа төсвийн зардлын дарамтыг бууруулах үүднээс тэтгэвэр тогтоох үндсэн үзүүлэлтүүд, төрийн өмчит компаниуд, хөрөнгө оруулалт, төсвийн эрсдэлийн зөв зохистой удирдлагын чиглэлээр шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байна. Баялгийн болон хөгжлийн сан байгуулах тухай саналын тухайд энэ хоёр санг улсын төсөвт нэгтгэж, зохих хяналтыг тавих хэрэгтэй. Төлбөрийн чадваргүйдлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгон өргөжүүлэх нь хувь хүн, компани, банкны доголдсон тайлан тэнцлийг засаж залруулахад туслалцаа үзүүлэхэд шаардлагатай байна.

Монголбанкны санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүргийг нь хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангах. Эдийн засгийн тодорхой бус байдал нэмэгдсэнтэй холбоотойгоор 2022 оны 6-р сард багтаан системийн ач холбогдолтой банкуудын хувьцааг сайн бэлтгэлтэйгээр нийтэд амжилттай санал болгох нөхцөл боломж багассан байж магадгүй. Монголбанкнаас эхлүүлээд байсан активын чанарын үнэлгээг түр зогсоохоор шийдвэрлэж, банкуудын хувьцааг нийтэд санал болгох үйл явцыг банкны активын чанар, санхүүгийн үзүүлэлтүүд бүрэн дүүрэн ил тод болоогүй нөхцөлд хийхээр байгаа нь санаа зовоож байна. УИХ банкуудын хувьцааг нийтэд санал болгох ёстой эцсийн хугацаа 2022 оны 6-р сарын 30-ны өдөр байгааг хойшлуулж, эдийн засгийн тодорхой бус байдал багасч, активын чанарын үнэлгээг хийж дуусган банкуудын тайлан тэнцэлд үнэлэлт дүгнэлт хийх хүртэл сунгах нь хамгийн төгс шийдэл болох юм. Гэвч УИХ ийм шийдвэр гаргахаас цааргалж байгаа учраас дараагийн оновчтой хувилбар нь хувь нийлүүлэгчдийн төвлөрлийг багасгах талаар 2023 онд багтаан хэрэгжүүлэх ёстой ажлын хүрээнд илүү их дүнтэй хувьцаа гаргахаас өмнө Монголбанк активын чанарын үнэлгээгээ үргэлжлүүлэн хийж дуусгах явдал юм. Уул уурхайн салбарт үүсч болзошгүй сөрөг нөхцөл байдал банкуудын тайлан тэнцэлд хэрхэн нөлөөлөхийг олж тогтоох зорилгоор алсыг харсан стресс тест хийж, маш сайн нөөц төлөвлөгөө боловсруулахад анхаарах хэрэгтэй.

Аль нэг банкны IPO амжилтгүй болсон тохиолдолд Монголбанк Банкны тухай хуулинд заасан албадлагын арга хэмжээг авч, банкуудыг тогтворжуулан, хэсэг хугацаа өнгөрч банкуудын байдал илүү сайжирсны дараа IPO-г дахин хийх нь зүйтэй. Хэрвээ Монголбанк зарим банкуудын IPO-г хойшлуулах шаардлагатай гэж үзвэл хойшлуулах шийдвэр нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах Монголбанкны үүргийн хүрээнд зохистой гэж үзнэ.

Хөгжлийн Банкны засаглалыг сайжруулах. Хөгжлийн Банкны тайлан тэнцэл дээр үүссэн асуудлуудыг 2023 онд төсвийн болон гадаад секторын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхгүйгээр шуурхай бөгөөд хууль журмын дагуу шийдвэрлэх ёстой. Хөгжлийн Банкин дээр ужгирсан засаглалын асуудлыг шийдвэртэйгээр засахаас бусад тохиолдолд тус банкны тайлан тэнцлийн асуудлыг төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх нь түр зуурын шийдэл болох бөгөөд цаашид хэзээ нэгэн цагт төсөвт эрсдэл учруулсан хэвээр байх учир дэмжих боломжгүй. Хөгжлийн Банкны тайлан тэнцэлд дүн шинжилгээ хийх хөндлөнгийн бие даасан шинжээч томилж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар үндэслэлтэй төлөвлөгөө гаргаж, ямар арга хэмжээ авахыг тогтоож өгөх нь зүйтэй юм. Засгийн газрын хөрөнгө оруулалтын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Хөгжлийн Банкны засаглалд тулгарсан сорилтуудыг үр дүнтэй, найдвартайгаар шийдвэрлэн засаглалыг нь бэхжүүлж, бизнесийн загвар нь урт хугацаандаа ашигтай байж чадна гэдгийг нотлох хүртэл Хөгжлийн банкийг татан буулгах хувилбарыг мөн тооцож үзэх хэрэгтэй гэж дүгнэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top