Японы эрүүл мэнд, спортын их сургуулийн профессор, доктор Б.Болд
Сүүлийн жилүүдэд Монгол үндсний бөхийн барилдаанд допингийн зөрчил гаргасан бөхчүүд удаа дараалан илэрч, шуугаан татаж байгаа нь харамсалтай. Үүний нэгэн нийтлэг жишээ нь Э.Оюунболдын асуудал билээ. Тэрээр 2019 оны наадмаар допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол 2020 оны 11-р сарын 2-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Э.Оюунболдын Монгол Улсын аварга цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, 2021 оны 9-р сард Шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Улсын Eрөнхийлөгч Хүрэлсүхийн зарлигаар Э.Оюунболдын улсын аварга цолыг хураажээ. Энэхүү шийдвэрийн дагуу 2021 оны 12-р сарын 6-ны өдөр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассаныг сануулан хэлэхэд илүүдэхгүй байх. Гэтэл 2022 оны 5-р сарын 12-ны өдөр Үндэсний спортын арбитрын шүүхээс Э.Оюунболдтой холбоотой МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгож, Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээсэн мэдээлэл гарлаа.
Бөх судлаач хүний хувиар хэлэхэд, энэхүү шийдвэр нь МҮБХ-ны допингийн эсрэг үйл ажиллагаа явуулахад хүндрэл авчирсан мэт санагдна. Өнөөдөр би энэ асуудал нь зөв, буруу гэх талаар ярихгүй, ямар ч бөх болог Үндэсний их баяр наадмаар допинг хэрэглэх нь монгол төрөө гутааж байгаа гутамшит үйлдэл мөн гэж хэлмээр байна. Учир нь Үндэсний их баяр наадам бол Монгол Улсын хамгийн хүндэтгэлтэй төрийн ёслол мөнөөс мөн юм. Гэтэл зарим бөхчүүд үндэсний их баяр наадмаа зөвхөн цол хүртэх, цол чимгээ ахиулах барилдаанаар үзэж, ёс зүйн зөрчил төдийгүй допингийн зөрчил гаргахаас ч буцахгүй байгаа нь төрийн ёслолоо хүндэтгэххүй байгааг харуулж байна. Хатуухан хэлэхэд, агуу монгол төрөө гутааж байгаа гутамшигт үйлдэл юм.
"Монгол Улсын хууль ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ (2003 оны 6 дугаар сарын 19-ний өдөр анх баталж, 2022 оны 5-р сарын 04 өдөр нэмэлт ,өөрчлөлт оруулав)-д “баяр наадам” гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт баяр“ гэж заасан билээ.
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт баяр болохоор бөхчүүд маань төр улс ард түмнээ хүндэтгэж шудрага барилдаан гаргах нь бөх хүн болгоны дархан үүрэг хариуцалга байж таарна. Харин зөвхөн улсын цол хүртэх,цолоо ахиулахын төлөө л барилдаж болохгүй. Нөгөө талаар Үндэсний их баяр наадам нь “Монгол Улсын Тулгар төрийн “, ”Их Монгол Улс байгуулагдсаны”, ”үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Ардын хувьсгалын ойн баяр наадам” хэмээх түүхэт том үйл явдлуудыг дээдлэн тэмдэглэж,Эзэн Чингис хааны есөн хөлт цагаан сүлд, агуу Монгол улсын төрийн далбаагаа төв талбайд хүндэтгэлтэйгээр залан, төрийн ноён нуруу болсон Монгол улсын ерөнхийлөгчөөс нээлт хаалтаа сүр жавхаатай зарлан тунхагладаг дэлхийд ганц наадам билээ.
Ийм гайхамшигт баяр наадмаа дэлгэр дүүрэн тэмдэглэдэг монголчуудаараа бүх монгол тулгатан бахархаж явдаг. Жил болгоны баяр наадмаар хэсэг бөхчүүд допингийн зөрчил гаргаж зон олноо харамсуулаад зогсохгүй ёслол төгөлдөр Төрийн наадмаа гутааж яасан ч болохгүй. Баяр наадмаар допингийн зөрчил гаргасан бөхөө өмөөрөх нь төрийн ёслолоо гутаахыг нь дэмжиж байгаа хэрэг. Ард түмнийхээ нүдний өмнө, эзэн Чингисийн цагаан сүлдийн дэргэд, хийморь мандсан төрийнхөө далбааны дор допинг хэрэглэнэ гэдэг бол ямар их нүгэл бэ гэдгийг бөхчүүд бие сэтгэлээрээ мэдрэх ёстой. Хууль, дүрмээ мөрдөх хэрэгтэй.
Энэ жилийн наадам гадаа ирлээ. Тулгаp төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойн төрт ёсоны тэгш ойгоороо монгол бөхчүүд минь уран мэхээ уралдуулан, Допинггүй шударга барилдаанаараа наадамчин олон баясгаахыг чин сэтгэлээс хүсч байна.
2022.05.13
Сэтгэгдэл ( 1 )
Ямар их спорт биш допингийн шинжилгээгээр яадгийм Олгоод байгаа өхшүүлээд байгаа бай шагналаа нутаг нугийн ухарамшуулал бэлэг сэлтээ болчих Наадмаараа өгдөг байсан дээлийн өнгө морь малаа өгдөг болчижээ