Боксын ДАШТ: О.Есүгэн, М.Намуун хоёр медалийн төлөө тулалдана

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 16

Туркийн Истанбул хотод явагдаж байгаа боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий шөвгийн найман тамирчны тулаан өнөөдөр /2022.05.16/ эхлэж байна.

Энэ жилийн ДАШТ-ий шагналын сан маш өндөр буюу аваргууд 100 мянган ам.доллар, мөнгөн медальт 50 мянга, хүрэл медальт тамирчин 25 мянган долларын шагналтай.

Шөвгийн наймд Турк, Энэтхэгийн тус бүр 8 тамирчин, Казахстан 6, Узбекистан, Итали тус бүр 5, Украин, Ирланд, Польш тус бүр 4, Англи, Таиланд, Бразил, Серби, Австрали тус бүр 3, Аргентин, Болгар, Колумби, Румын, Монгол, Тайвань, Грек, Алжир, Канад, Мозамбик тус бүр 2, Венесуэл, Филиппин, Испани, Доминикан, Косово, АНУ, Тажикистан, Нидерланд, Кабо-Верде, Армен, Панам, Франц, Кени, Литва, Марокко, Конго, Fair Chance Team багуудаас тус бүр нэг тамирчин шалгарсан байна.

Эмэгтэйчүүдийн 54 кг-д хүч сорьж буй О.Есүгэн Мексик, Энэтхэгийн тамирчдыг ялан, шилдэг наймд шалгарсан. Өнөөдөр тэрээр Тайландын TINTABTHAI Preedakamon-той медалийн төлөө тулалдах юм. Түүнийг ялахад дэлхийн аварга, Европын наадмын аварга, Европын хошой аварга Болгарын Станимира Петрова, Туркийн Hatice Akbas хоёрын ялсантай хагас шигшээд учирна.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д М.Намуун Туркийн OZYOL Esra-г 5:0, Венесуэлийн Гомес Ландаета Каролинаг 3:2 ялсан. Өнөөдөр түүний өрсөлдөгч нь Энэтхэгийн тамирчин Маниша. Маниша 2019 оны Азийн наадмын хүрэл медальтай бүсгүй. Түүнийг ялахад Узбекистаны Ситора Турдибекова, Токио олимпын хүрэл медальт Европын аварга Италийн Ирма Теста хоёрын ялсантай өрсөлдөнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top