ОХУ-ын жүдоч Наталья Кузютина холимог тулаанд шилжжээ. Энэ жил 33 настай Наталья 2016 оны Риогийн олимпын хүрэл медальт, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2010, 2014, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт, Европын 4 удаагийн аварга, Европын наадмын мөнгө, хүрэл медальт жүдоч.
Олимп, дэлхийд түрүүлэх мөрөөдлөө биелүүлж чадаагүй ч тэрээр энэ удаад холимог тулааны оргилд гарахаар шийджээ.
Наталья Кузютина одоо American Top Team клубт бэлтгэл хийж байгаа бөгөөд холимог тулааны ямар холбоонд элсэхээ шийдээгүй байна.
Тэрээр “First Round Management” хэмээх байгууллагатай гэрээ байгуулсан бөгөөд тус байгууллага Натальягийн тулалдах өрсөлдөгч, тэмцээнийг хариуцан ажиллах юм байна.
Наталья Кузютина ОХУ-ын цэргийн албан хаагч. Прапорщик цолтой.
Жүдо бөхөөс холимог тулаанд Ронда Роузи, Ёшихиро Акияма, Сатоши Иший, Кайла Харрисон нарын алдартнууд амжилттай тулалдсан бол удахгүй манай М.Уранцэцэг хамгийн том холбоо болох UFC-д хүч үзэх гэж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )