Мэргэжлийн сүмо бөхийн 52 дахь ёкозүна, NHK телевизийн сүмо тайлбарлагч Китанофүжи “Чюүничи Спорт” сонинд өөрийн хөтөлдөг булантай. Түүний булангаар зочилцгооё.
“Китанофүжи булан”
Хоёр хоног сайхан амраад өнөөдөр радиогоор сүмо тайлбарлалаа. За ингээд найм дахь өдрийн барилдааныг үзэж, сэтгэлийн цэнгэл эдлэхээр шийдтэл цэнгэх юм бараг гарсангүй. Оохо, Котошёохо хоёрын барилдаан л сонирхолтой байлаа. Оохо ширүүн цүппаридан дайрсан ч Котошёохо нэг ч алхам ухарсангүй. Залуус ингэж л барилдах хэрэгтэй. Ялагдсан ч хамаагүй бүх хүч чадлаа дуустал нь гаргаж барилдахад үзэгчид өөрийн мэдэлгүй алга ташин уухайлж байдаг билээ. Одоогийн байдлаар Котошёохо нэг алхам түрүүлж байгаа ч зодог тайлах хүртлээ энэ хоёр өрсөлдөх нь гарцаагүй. Хэзээ нэгэн цагт хоёулаа ёкозүна болчихсон хамгийн сүүлд халз барилдаж байх болов уу.
Өнгөрсөн тэмцээнд түрүүлсэн Вакатакакагэ энэ башёд ялах сан, хүмүүсийн итгэл найдварыг хариулах сан гэж хэт бодоод өмнөх башё шиг барилдаж чадахгүй байна. Маргаашнаас том цолтнуудтай барилдана. Гэхдээ томчууд муу байгаа болохоор Вакатакакагэ ядаж 10 давах хэрэгтэй байна даа.
Озэки Шёодай комүсүби Хоошёорюүгийн барилдаан. Хоошёорюү нь давсан гэж би хувьдаа бодож байгаа. Дохёны засуул Шёодайг ялсан гэж заахад нь би дэвжээний гадна суугаа шүүгч нар бичлэг үзэх байх гэж бодож байтал байдаггүй шүү. Дохёны захад Шёодай ёрикири хийн дайрахад нь Хоошёорюү дагуулан мушгиж, Шёодайн хөл түрүүлээд шороодож байгаа нь илт харагдсан. Телевизээр үзэх, дохёны доор үзэх хоёр огт өөр гэдгийг би өөрөө шүүгч хийж байсны хувьд сайн мэднэ.
Зүүн, баруун жигүүрийн шүүгч нарт харагдаагүй байж болох ч эргэлзэж байвал монои буюу гараа өргөөд бичлэг үзэх ёстой. Хоошёорюүд үнэхээр харамсалтай байсан нь ойлгомжтой.
Түүний оронд Асашёорюү байсан бол аймаар юм болж байх байлаа. Хоёр унаатайгаар түрүүлэх магадлалтай бөхчүүдийн дунд явах ёстой байтал 3 унаатай болчихлоо. Маш үнэтэй унаа байж болох юм. Гэхдээ бөхчүүд бүгд л буруу шүүлтэд хэлмэгдэж байсан болохоор хурдан мартаад дараагийн барилдаандаа анхаарах нь чухал.
Тэрүнофүжи түлхэн дайрах ошизүмо өрсөлдөгчтэй муу барилдах юм. Ёкозүнаг яаж ийгээд сүүлийн өдөр хүртэл барилдвал баярлахаар байна.
Энэ башёд сайндаа 12 давсан бөх л түрүүлэх байх. Магадгүй 11 давсан бөхчүүдийн халз барилдаан болох байх. Үнэхээр олиггүй тэмцээн болж байна. Бичих гэхээр үзэг ч хөдлөж өгөхгүй юм.
Сэтгэгдэл ( 2 )
Hohino galtai tsogtoi mongol zaluuchuudiig havchaad gargaad baisan. Odoo tavgan deerh mantuugaa l uz. Meh ch medehgui.
Mundag heldeg shuu