Стратегийн бүтээн байгуулалтад ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД оролцож байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 17

-Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нээгдсэнээр манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонн, цаашид 30-35 сая тонн болж өсөх боломжтой-


Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин нь үндсэн хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ биелүүлэхээс гадна эх орныхоо стратегийн томоохон бүтээн байгуулалтад оролцдог.

Тухайлбал, өнгөрсөн онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын их бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний БИЦУГ /Барилга инженерийн цэргийн удирдах газар/-ын цэргийн алба хаагч болон нэгж техникээ оролцуулан төмөр замын доод болон дээд бүтцийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,3 км төмөр замын төгсгөл хэсэг буюу 173,3 км-226,3 км хүртэлх нийт 53 км замын доод бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний зургаан ангийн алба хаагчид хийж гүйцэтгэж байгаа бөгөөд ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна.

Доод бүтцийн ажилд далан байгуулах, хөрсийг зохих нягтад хүргэх, гүүр хоолой байгуулах зэрэг ажлууд багтжээ.

Тус бүтээн байгуулалтын ажилтай Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцсан бөгөөд ирэх зургаадугаар сарын 1-ний өдөр хүлээлгэн өгөхөд бэлэн болж буйг онцолж байлаа. 

Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн нүүрсийг Хангимандалын боомтоор экспортлох, экспорт, импортын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой. Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,3 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилд Төр хувийн хэвшлийн нийт 58 байгууллагын 3000 гаруй хүн ажиллаж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top