ҮБХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийн захирал элсэгчдээс АВЛИГА АВСАН хэргийг шүүхэд шилжүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02


Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 639 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоон хэргийг шүүхэд шилжүүлж, зургаан хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, дөрвөн хэргийг нэгтгэн шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 622 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2 хэрэгт нийт 11 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. АТГ-ын мөрдөгчид гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 4 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн хэргүүдээс дурдвал:
 

  • Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч А нь зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэх
     
  • Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн нэгдсэн төвийн систем төлөвлөлтийн мэргэжилтнээр ажиллаж байсан Т нь хахууль өгөгч Х, Л нарын ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу НӨАТ-ын "И-баримт" систем дээр алдаа болон харагдаж байсан мэдээллийг өмнө нь татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Ж-ийн гуйлтаар устгаж, 60 сая төгрөг авсан гэх
     
  • Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан Э нь удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй зөрчилд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч А нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэх
     
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б, нягтлан бодогч Т нар нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж тус цэцэрлэгт зах зээлийн үнээс өндөр үнээр бараа материал нийлүүлж 28,659,550 төгрөгийн хохирол учруулсан гэх
     
  • Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн захирал О нь 2018 оны 06 дугаар сард тус сургуульд элсэн орох зарим хүүхдүүдийн эцэг эхээс хахууль авсан, тухайн эцэг эхчүүд нь хахууль өгсөн гэх
     
  • Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн Зам, замын байгууламж хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан А нь бусдаас хахууль авсан гэх
     
  • Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тасгийн хавдар хөнгөвчлөх эмчилгээний их эмч Б нь иргэн К-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг сунгуулан өгсний хариуд хахууль авсан гэх хэргүүд багтжээ.


Эх сурвалж: АТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top