Вандан Даваа, Токио хот
Мэргэжлийн сүмо бөхийн Тавдугаар сарын тэмцээн Токио дахь сүмогийн өргөөнд үргэлжилж байна. Тэмцээний найм дахь өдөр мэргэжлийн сүмод хүч сорихоор шийдэн, сорилт барилдаанаа дуусгасан зургаан шинэ бөхийг танилцууллаа.
Сондгой тоотой сар бүр зохиогддог сүмогийн үндсэн барилдааны 8 дахь өдөр шинэ сумочид дохионд гарч сүмо бөх болсноо мэдэгдэн, ёслолгоо үйлддэг бөгөөд энэ үед тухайн бөхийн уугуул нутаг, харьяалагдаж буй дэвжээ, дэвжээнд барилдахаар бүртгэгдсэн нэрийг дуудан, үзэгчдэд танилцуулдаг уламжлалтай.
Энэ удаа олны анхаарлыг татсан нэгэн шинэ бөх төрсөн нь Японы Токиогийн их сургуулийн хүмүүнлэгийн тэнхимийн төгсөх оюутан Сүяма Хотака байв. Учир нь сүмогийн түүхэнд Токиогийн их сургуулийн оюутан мэргэжлийн сүмод элсэн орсон анхны тохиолдол энэ юм.
Тэрээр оюутан болоод их сургуулийнхаа сүмогийн багт орж, анх сүмогоор хичээллэж эхэлсэн түүхтэй ажээ.
Оюутны тэмцээнд оролцож байсан хэдий ч амжилтаар гавайгүй ба сэтгэлийнхээ мухарт ирээдүйд мэргэжлийн сүмод хүч сорих уу, яах вэ гэсэн эргэлзээтэйгээр он жилүүдийг өнгөрөөж байсан гэнэ. Сургуулиа төгсөх хугацаа бас бөх болох насны хязгаар хаяанд ирсэн энэ оны хоёрдугаар сард өөрийн бодлоо зөвлөлдөж, сонсохоор хүндэтгэн явдаг Харүмафүжи Д.Бямбадорж аваргын Токио дахь оффист дасгалжуулагч багшийнхаа хамт очиж уулзсан байна.
Харүмафүжи аварга “Чи Япон төдийгүй дэлхийд танигдсан их сургуулийн оюутан. Чамд ирээдүйд ажиллах газар хаана ч олдоно, Харин насанд хязгаар бий. Би чамд сүмогийн хаалгыг татан ороосой гэж зөвлөх байна. Чи тэр ертөнцөөс сургуульд заадаггүй олон зүйлийг биеэрээ мэдэрч сурна. Цолтой цолгүй байхаасаа илүү бие бялдар сэтгэл санаа бүх талаар чи сүмогоос ганзага дүүрэн олзыг олно. Тэр бүхэн ирээдүйн амьдралд чинь заавал хэрэг болно” гэж хэлсэн нь түүний эргэлзээг арилган, сүмо бөхийг сонгох бодлыг нь шулуутгасан ажээ. Мөн Харүмафүжи аваргатай уулзсан тэр өдөр Харүмафүжи түүнийг дагуулан, Токиогийн төв Гинзад байршилтай Хакүхо нэртэй зоогийн газарт аваачин, их аварга Хакүхо Магаки оякататай уулзуулсан байна.
“Тэр орой их аварга Хакүхо Магаки багш өөрийн Миягино дэвжээнд урьсанд их баярласан. Хэдий Хакүхо аваргаас аман урилга авсан ч би Кисэ дэвжээг сонгосон. Хоёр жилийн өмнөөс би Кисэ дэвжээнд очиж бэлтгэл хийдэг байсан болохоор дассан дэвжээндэ очихоор шийдсэн. Энэ дэвжээний ихэнх сүмоч сонирхогчдын оюутны сүмогоор барилдаж байсан туршлагатай сумочид олон байдаг нь таалагдсан юм” гэж сэтгүүлчдэд ярилаа.
Сүяма Хотака - 1998 оны 9 сарын 23-ны өдөр төрсөн. 180 см өндөр, жин 104 кг. Үндсэн захиргаа Сайтама аймаг
Сэтгэгдэл ( 0 )