Оошёоүма: Хоошёорюүг гүйцэхийн тулд хичээх болно

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

Японы сүмо бөхийн холбооны ирэх Нагоя башёгийн банцүкэг тогтоох хуралдаан өнөөдөр (2022.05.25) өглөө "Кокүгикан" ордонд явагдлаа.

Энэхүү хурлаар макүшитагаас жюүрёод дэвшин, сэкитори болсон бөхчүүдийн нэрийг зарладаг. Энэ удаагийн хурлаар дөрвөн бөх жюүрёод дэвших болсныг зарласны нэг нь Зуны тэмцээнд макүшитагийн зүүний наймд 7 давж түрүүлсэн, Нарүто дэвжээний Оошёоүма П.Дэлгэрбаяр байлаа. Тэрээр Нарүто дэвжээний анхны цолтой бөх болж байгаа юм. Болгар арслан Котоошюү буюу Нарүто ояката дэвжээ удирдаад тав дахь жилдээ цолтой бөх төрүүллээ.

Оошёоүма “Юуны өмнө багшийнхаа цолыг авахыг хичээнэ. Хаврын тэмцээнд 50 хувийн амжилт үзүүлж чадаагүй. Ямар асуудалтай байгаагаа хайж, тэмцээний дараа дүн шинжилгээ хийсэн. Тачиай зэрэг олон зүйлийг шинэчлэлээ. Хоёр башё барилдаад жюүрёод дэвших зорилготой байсан болохоор 4 тэмцээн зарцуулсан маань их удаан санагдаж байна. Ирэх тэмцээнд барилдаж үзэх хүсэлтэй бөх гэвэл Энхо. Жижиг биетэй ч том биетэй өрсөлдөгчдөө ялдаг бөх. Монголоос хамт ирж байсан Хоошёорюүтэй ч гар зөрүүлэх хүсэлтэй. Учраа таарвал хэзээ ч ялагдахыг хүсэхгүй. Хоошёорюүг банцүкэд гүйцэхээр хичээх болно” гэж сэтгүүлчдэд ярьлаа.
 

Харин Нарүто ояката “Дэвжээ удирдаад хүнд хэцүү үе олон байсан ч анхны цолтой бөхөө төрүүлээд үнэхээр баяртай байна. Оошёоүма виза гартал бүтэн нэг жил манайд дадлага хийсэн. Башёд барилдахгүй ч бэлтгэлээ хийгээд л байсан, миний шавь. Банцүкэгээ улам ахиулахын төлөө хичээн зүтгээсэй. Дэвжээний манлай бөх тул залуу бөхчүүдэд үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Ирэх тэмцээнд доод тал нь 10 даваасай гэж багшийн хувьд хүсч байна” гэж баярын сэтгэгдлээ хуваалцжээ. 

Оошёоүма 25 настай. Төв аймгийн уугуул. 187 см, 150 кг. 14 настайгаасаа үндэсний бөх, 16 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Асашёорюүгийн танилцуулгаар Японд ирж, ахлах ангид суралцсан. Оюутны ёкозүна болж, мэргэжилд макүшитагийн 15-аас барилдах эрх авсан юм. Нарүто дэвжээ.

2021.09           Маэзүмо                     0-0                

2021.11           Mакүшита15 TD        4-3                  

2022.01           Ms12               5-2                  

2022.03           Ms4                 3-4                  

2022.05           Ms8                 7-0       Түрүү

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (66.181.177.118) 2022 оны 05 сарын 26

Sugaraa setguulchidee ajil-n amjilt huseye.\n20 garui jil beltgesen medeeg ni unshij bn.\n

1  |  1
Top