WORLD ATHLETICS Монголын марафонч Б.Сэр-Одыг онцоллоо

Админ | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

Ц.Энхтүвшин, "Таван цагариг"

Спортын "хатан хаан" гэгддэг хөнгөн атлетикийн Дэлхийн холбооны ( World Athletics) энэ зун АНУ-д болох хөнгөн атлетикийн ДАШТ-д зориулан албан ёсны цахим хуудсандаа орон орны онцлох тамирчдын талаар нийтлэл гаргаж буй билээ. 2022 оны тавдугаар сарын 23-нд worldathletics.org Монголын марафон гүйгч Бат-Очирын СЭР-ОДЫН талаар томоохон нийтлэл гаргалаа.

Хөнгөн атлетикийн ертөнцөд нэр хүндтэй Ирландын сэтгүүлч Катал Деннехи уг нийтлэлийг бичсэн бөгөөд Таван цагариг сонин ойрын өдрүүдэд тун сонирхолтой уг нийтлэлийг спортын хорхойтнууд, хөнгөн атлетик, марафон гүйлт сонирхогчдодоо толилуулна.

110 жилийн түүхтэй, эгнээндээ 214  орныг гишүүнээр багтаасан манай гарагийн хамгийн томоохон олон улсын байгууллага болох WORLD ATHLETICS ийнхүү Монголын тамирчинг онцолсон нь яах аргагүй маш том нэр хүндийн хэрэг билээ.

Монгол Улсын гавьяат тамирчин , Ази тивийн аварга, мөнгөн медальт, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт Бат-Очирын Сэр-Од нь 2003 оноос хойш хөнгөн атлетикийн ДАШТ -д тасралтгүй 9 удаа шалгаран оролцсон бөгөөд ирэх долдугаар сард АНУ-д болох ДАШТ-д оролцох болзлоо биелүүлж, марафон гүйлтээр 10 удаа ДАШТ-д оролцсон манай гаригийн анхны тамирчин болох юм.

Тэрбээр мөн "Парис-2024" олимпийн наадамд оролцох шинэ зорилго тавиад байгаа бөгөөд хэрэв зорилгодоо хүрвэл зургаан олимпод оролцсон түүхэн дэх анхны марафонч болох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top