UFC: Ядуусын хорооллоос төрсөн шинэ ОД

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 26

Чарльз Оливейра бол холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн шинэ аварга, шинэ од. Тэр дагестан од Хабиб Нурмагомедовын арыг залгамжлан гарч ирсэн, одоо тус холбооны хамгийн алдартай тулаанчийн нэг болоод байна.

Аваргын бүсийн төлөө Майкл Чендлертэй тулалдахдаа тэр эхний үед хүнд цохилт аван унасан ч бууж өгөөгүй, харин хоёрдугаар үед нь өөрөө цохиж унагаан, ялалт байгуулсан юм.

Энэ ялалт бол түүний амьдрал, замналын бэлгэ тэмдэг гэлтэй. Оливейра амьдралдаа маш олон удаа унаж байсан ч сөхрөөгүй, үргэлж босдог байлаа.

Тэр Бразилын ядуусын хороололд төрсөн, багадаа тахир дутуу болох шахсан. Эмч нар түүнийг дахин алхаж чадахгүй гэж байсан ч хүү бууж өгөөгүй юм. Одоо тэр энэ дэлхийн шилдэг тулаанч.
 


Чарльз Оливейра Сан-Паулу хотын ядуусын дүүрэгт төржээ. Ээж нь цэвэрлэгч, аав нь мал нядлагч. Бразил хөвгүүдийн нэгэн адил хөлбөмбөгт дуртай ч долоон настайдаа үе мөчний өвчнөөр хэвтэрт орж, бөмбөг өшиглөхтэй манатай боллоо. Зүрх нь согогтой, хөлний шагай нь үрэвсэлтэй. Чарльз арай ядан хөдлөж, цонхоор найзуудаа харан суух бөгөөд эмч нар хүүд спортоо март гэж зөвлөжээ.

“Хүүг минь ахиж хэзээ ч алхаж чадахгүй, тэргэнцэр дээр сууна гэж эмч хэлсэн. Харин бид хүлээн зөвшөөрөөгүй. Бурхан хүүд минь тийм хувь заяа бэлтгээгүй гэдэгт бид итгэлтэй байсан юм” гэж ээж нь олон жилийн дараа дурсаж байв.
 


Бүтэн хоёр жил эмнэлэгт хэвтсэн хүүгээ ээж нь сахиж, тасаг дотор нь шалан дээр унтана. Бүтэн сар гэртээ хариагүй үе ч ээжид нь бий. Эмнэлэгт хоноод таван цагт ажилдаа явж, ажлаа тараад хүү дээрээ ирнэ.
 


Эмчилгээний мөнгө хүрэлцэхгүй. Аав нь мал нядалгааны ажлаасаа гадуур зах дээр өндөг зарна. Ээж нь жирийн нэг сургуулийн цэвэрлэгч. Харин энэ сургуулийн захирал тэдний гэр бүлд тусласан юм. Захирал хүүг илүү сайн эмнэлэгт аваачиж, чанартай шинжилгээ хийлгэлээ. 11 нас хүрээд Чарльз эмнэлгээс гарсан ч бүрэн эдгэрээгүй тул 14 хоногт нэг удаа хавдрын эсрэг тариа хийлгэнэ. Эмч нар хориглож байсан ч хүү хоёр сарын дараа спортын талбайдаа эргэн гарав. Гэхдээ шагайны өвчтэй хүнд хөлбөмбөг дэндүү эрсдэлтэй. Ингээд жижицү барилдааныг сонголоо. Аавынх нь найз Паулу түүнийг анх жижицүгийн секцэнд авчирсан бөгөөд харамсалтай нь хоёр жилийн дараа буудуулж амиа алдсан болохоор Чарльз хүүгийн амжилтыг харж чадаагүй юм.
 


Ээж нь жижицүг эсэргүүцсэн ч аав нь харин дуртай байлаа. Амжилтын баярт мэдээ тун  удсангүй. Эмнэлгээс гараад хоёр сарын дараа жижицүгээр хичээллэсэн хүү дахин хоёр сарын дараа анхны тэмцээндээ түрүүлж байв. Эмчдээ хэлтэл боломжгүй зүйл гээд итгээгүй гэдэг.

Оливейра бусад хүүхдээс заавал илүү гарах гэсэн хүслээрээ ялгарч байв. Нэг удаа охидыг хүртэл шидээд, унагаад байхаар нь дасгалжуулагч нь хашраахаар шийдэж, хэвтээ байдалд боож, өчиж, баахан “ноолоод” явуулжээ. Маргаашнаас ирэхгүй байх гэж багш нь бодож байтал харин Оливейра улам эрч хүчтэй болоод ирсэн байсан гэдэг.

Чарльз медаль авсаар байсан ч тариагаа байнга хийлгэх шаардлагтай хэвээр байв. 18 нас хүрсэн хойноо л тэр тариагаа зогсоосон юм.
 


Чарльз холимог тулааны эхний 12 тулаандаа бүгдэд нь ялсан хойноо 2010 онд UFC холбоонд орсон. Эхний хоёр тулаандаа ялсан ч дараа нь хоёр ялагдлаа. Жингээ хасаж чадахгүй тэмцээнээс хөөгдөн, дундаж зэргийн тулаанч байв. Харин хөнгөн жинд ороод 2017 оноос найм дараалан ялж, олны анхаарлыг татсан юм.

Чарльз “Do Bronx” нэрээр тулалддаг нь португал хэлээр ядуу хорооллын хүн гэсэн утгатай. Майкл Чендлерийг ялаад торон дотроос “Майкл, чи агуу аварга. Гэхдээ өнөөдөр би яллаа. Аваргын бүс ядуусын хорооллын эзэмшилд очлоо” гэж хашгарч байлаа. Оливейра одоо ч Бразилдаа амьдардаг. Хуучин найзуудтайгаа холбоотой хэвээр. Өөрийгөө од гэж үздэггүй.
 


Тэрээр “Би Бразилдаа амьдарч байгаа. Гэхдээ мэдээж өөр хороололд, илүү сайн байшинд амьдарч байна. Би хуучнаа мартаагүй. Хүн хаана таатай байна тэндээ л амьдрах хэрэгтэй. Хэчнээн их мөнгөтэй байгаа нь хамаагүй, найзуудтайгаа л цуг байсан нь дээр. Би хаанаас ирснээ санаж байна. Миний өмнөө тавьсан өндөр зорилго удам угсааг минь мартуулах ёсгүй. Би алдартан биш жирийн хүн. Хүмүүст туслах дуртай. Гаднаас хэн нэг нь ирээд ядуусын хороолынхонд туслана гэж хэзээ ч үгүй. Бид өөрсдөө бие биендээ туслаж, дэмжих хэрэгтэй. Надад олон нөлөө бүхий найз нөхөд байгаа. Найзууд минь надтай цуг хүмүүст мөнгө хандивлаж, хоол хүнс тараадаг. Би ялангуяа хүүхдүүдэд туслах дуртай. Цар тахлын үед зарим хүн талх авах ч мөнгөгүй болсон байсан. Та бүхэн ч гэсэн туслах хүсэлтэй бол холбогдоорой” гэж Оливейра нэгэнтээ хэлж байсан юм.

“Ядуу хорооллын хүнд өвчтэй хүүхдийг төсөөлөөд бод. Эмч тэр хүүд хэзээ ч спортоор бүү хичээллэ гэж хэлж байв. Тэгвэл одоо энэ хүү хаана байгааг хар даа” гэж эцэст нь Оливейра хэллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.160.72) 2022 оны 06 сарын 04

Nice. Respect

0  |  0
Top