Дэлхийн хамгийн баян жүдоч Тедди Ринерийн орлого хэд вэ?

2022 оны 05 сарын 26

Жүдо бөхчүүд спортын ертөнцөд цалин хөлс, шагналын мөнгөөр дээгүүрт тооцогддоггүй. Гэхдээ тэдний дунд супер од бий. Дэлхийн хамгийн баян жүдочоор албан бусаар Францын Тедди Ринерийг нэрлэдэг.

Тэгвэл Ринер хэдэн долларын орлоготой вэ? Тэр ямар машин унаж байна? Яаж мөнгө олдог вэ?

Урьдчилаад ганц зүйл хэлэхэд Европын том багийн зарим хөлбөмбөгч түүнд атаархана.
 


Олимпын хошой аварга, дэлхийн 10, Европын 5 удаагийн аварга Тедди Пьер-Мари Ринер 1989 оны дөрөвдүгээр сарын 7-нд Гваделупад төржээ. Төрснийх нь дараа удалгүй тэдний гэрбүл Парист шилжин суурьшжээ. Таван настайгаасаа Тедди хүү  Аквабульвар спорт клубт хичээллэж эхэлсэн ч 13 нас хүрсэн хойноо л жүдог эргэлт буцалтгүй сонгосон юм.

Теддигийн гэргий Лутна Плокус жүжигчин, модель. Тэд Иден хүү, Исида гэсэн охинтой. Парисын ойролцоох Лаваллуа дүүрэгт 400 кв.м талбайтай том байшинд амьдардаг.
 


Тедди спорт машинд дуртай ч 2,04 метр өндөр тул зарим машинд багтдаггүй.

Одоо тэр Mercedes C63 AMG Black Series (Дэлхийн хэмжээнд 600 ширхэг байдаг) машин хүлэглэдэг.
 


Ингэхэд тэр яг хэдэн долларын орлоготой вэ? Тедди олимпын аварга жүдочоосоо илүү том бизнес эрхлэгч болсон. Цалингаасаа гадна өөрийн активаас их хэмжээний орлого олно, Францын олон брэндийн нүүр царай.

Хөлбөмбөгийн ПСЖ багийн цалин

Энэ багаас Ринер жилд 400 мянган евро авдаг.

2021 оны Токиогийн олимпын медальдаа Францын Засгийн газраас 65 мянган еврогийн шагнал авчээ.
 


Зар сурталчилгаа

Ринер маш олон брэндийн рекламд оролцдог. Under Armour компанитай 3 жилийн гэрээг 1,2 сая еврогоор байгуулжээ. Мөн Maroc Telecom, Audemars Piguet цаг, зочид буудал Accor, Crédit Agricole, Basic Fit, Candia, Habitat, Bank of Africa, Maisons Pierre, автомашины Ford компаниудтай гэрээтэй.
 


Бизнес

2020 оны 12 дугаар сард НБА лигийн франц домог Тони Паркертай хамтран T&T Global Management компани байгуулсан.

Энэхүү шинэ төрлийн компани нь дээд зэрэглэлийн тамирчдын замналынх нь турш санхүү, татвар, хөрөнгө оруулалт, менежментийг нь хариуцан ажилладаг.
 


Тедди Ринер 2016 оноос компьютер тоноглол, дизайны SFIT (Thomson Computing) группт хөрөнгө оруулж байгаа. 10 хувийг нь эзэмшдэг. Энэ брэндийнхээ элч төлөөлөгч, хувьцаа эзэмшигч.

MediaSchool групптэй хамтран спорт менежментийн “Спортын сургууль” нэртэй сургууль байгуулсан.

2018 онд Парист байгуулагдсан анхны сургууль нь одоо Ренн, Тулузад салбартай болжээ. Удахгүй Монпелье, Ницца, Марсельд салбар сургуулиа нээх гэж байна. Энэ сургуулийн сургалтын төлбөр жилд 7200-8000 евро.
 


Арга хэмжээ, ёслол зохион байгуулдаг Америкийн Калифорнийн компанийн хувьцаа эзэмшигч. Зарим эх сурвалжаас үзэхэд Chez l'gros Teddy гэсэн рестораны бизнестэй.

Спорт хувцасны Файтарт (FIGHTART) гэсэн өөрийн брэндтэй.
 


Нийт дүн

Францын хэвлэл мэдээллээс үзэхэд дэлхийн хамгийн баян жүдочийн нийт хөрөнгө 245 сая ам.доллар. Үүнд, актив, үл хөдлөх хөрөнгө ч багтжээ. Жилийн орлого нь 12 сая ам.доллар. Тедди Ринер ингэж л амьдарч байна даа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.213) 2022 оны 05 сарын 29

Манай олимпын аварга болохоор найзыгаа зодоод алчихдаг хүнд гар байх

1  |  0
Zochin(77.205.46.141) 2022 оны 05 сарын 29

Delxiin xemjeenii mundag tom tamirchin xun ingej ajillaj amidardag baixad manai mongol tamirchin bol naiziigaa zodoj alaad baidag

1  |  1
Top