Нагоя башё банцүкэг урьдчилан таамаглахад

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 27

bbm sport japan

Мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээнд ёкозүна Тэрүнофүжи сүүлийн долоон өдөр дараалан ялж, түрүүлснээр өндөрлөлөө. Гурван озэки бүгдээрээ 50 хувийн амжилт үзүүлэхгүй байх магадлал байсан ч азаар Такакэйшёо сүүлийн өдөр давж, 50 хувийн амжилт хийж чадлаа. Ирэх тэмцээнд Шёодай, Митакэүми хоёр кадобан болно.

Санякүд зүүний сэкивакэ Вакатакакагэ 9 давж, барууны сэкивакэ Аби 7 даваатай дуусгасан. Сүүлийн үед ганцхан даваа дутсан сэкивакэг маэгаширад унагаахгүй байгааг харгалзан үзэхэд Аби ирэх тэмцээнд барууны комүсүби болох байх. Зүүний комүсүби Хоошёорюү найм давж, 50 хувиа хийсэн ч цол ахихгүй. Харин 11 ялсан барууны комүсүби Дайэйшёо барууны сэкивакэ болно. Хэрэв Аби 50 хувийн амжилт үзүүлсэн бол ирэх тэмцээнд гурван сэкивакэ байх байлаа. Тэгвэл тэнцвэр хадгалах гээд гурван комүсүби гарж ч магадгүй байлаа.

Маэгаширагийн дээд хэсэгт барууны манлай Ичиножёо коронавирусний халдвараар өнжсөн. Дүрэм ёсоор ковид туссан бөхийг зиндаа бууруулахгүй байгаа ч Ичиножёо маэгашира хоёрт бууж магадгүй. Учир нь маэгаширагийн дээд хэсэгт сайн барилдсан бөх олон байна. Кирибаяма, Таканошёо, Котоновака, Тамаваши нар санякүд дэвшихээр сайн барилдсан ч дээр нь онгорхой зай байхгүй байгаа тул банцүкэ нэг их дээшлэхгүй. Котоновака маэгашира барууны 2 дээр 9 ялсан мөртлөө ирэх тэмцээнд банцүкэ хэвээр үлдэх нь байна. Гэхдээ холбоо яаж шийдэхийг харья. Дөрвөн комүсүбитэй болж ч магадгүй юм.

Дээд зиндаанаас жюүрёод унах бөх Ишиүра, Котокүзан, Кагаяки, Азүмарюү гэсэн дөрвөн бөх. Харин жюүрёогоос дээд зиндаанд дэвшихээр амжилт үзүүлсэн нь Цүрүгишёо, Дайамами, Нишикифүжи, Чиёомарү, Хидэноүми, Рюүдэн гэсэн зургаан сүмоч байна. Хоёр орон зай дутаж байгаа тул Хидэноүми, Рюүдэн хоёр жюүрёод үлдэх нь. Нишикифүжи анх удаа дээд зиндаанд дэвших юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.107) 2022 оны 05 сарын 28

Сайхан монгол бөхүүд\nШудрага тэмцээн\nҮзүүштэй

0  |  0
Top