NBA: Голден Стэйт уу, "Бостон Селтикс" уу?

Админ | Zindaa.mn
2022 оны 06 сарын 03

Ц.Энхтүвшин, "Таван цагариг"

Мэргэжлийн сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лиг NBA (National Basketball Association) -ийн 76 дахь удаагийн аваргын төлөөх цуврал эхэллээ. Энэ жилийн аваргын төлөө Өрнийн өрсөлдөгчдөө өвдөг дараалан шороодуулж, сүүлийн найман жилд зургаа дахиа "Баруун хязгаарыг базан" аварга болсон "Голден стэйт уорриорз", Дорно бүсийг доргион аварга цолыг хүртсэн, түүх замнал арвин "Бостон Селтикс" багууд өрсөлдөхөөр жигдэрчээ.

НБА-ийн аварга цолыг тав болон түүнээс олон хүртсэн баг түүхэндээ ердөө тавхан байдаг. Тухайлбал "Бостон Селтикс",  "Лос Анжелес Лэйкерс" багууд тус бүр 17 түрүүтэй бол "Чикаго Буллз", "Голден стэйт Уорриорз" тус бүр 6 түрүүтэй. Мөн "Сан Антонио Сперс" таван удаа аваргалсан. Энэ таван багийг цагийг эзэлсэн "дархан аварга" гэхэд хэн ч маргахгүй. Тэгвэл өнөөдөр хоёр дархан аварга зүүн, баруунаас магнайлан гарч, аваргын төлөө цуврал тулаанаа эхлүүллээ.

 

 

"Бостон" 18 дахь түрүүгээ авч, бүх цаг үеийн хамгийн олон түрүүтэй цорын ганц баг болох уу?

Эсвэл "Алтан мужийн дайчид" долоо дахиа аваргалж, домогт Майкл Жорданы "Чикаго Буллз"-ын дээр эрэмбэлэгдэх үү?

Хашир туршлагатай Стефен Көрри финалын шилдгээр шалгарах уу? Аль эсвэл залуу од Жэйсон Тэйтум тодрох уу? гэх мэт олон асуулт спорт, сагс сонирхогчдын толгойд эргэлдэн буй биз ээ?

Үзүүр түрүүнд (финалд)  "Селтикс" 22 удаа, харин " Дайчид" 12 дахиа шалгарч байна. Энэ үзүүлэлтээр энэ хоёр багийн өмнө ганц " Лос Анжелес Лэйкерс" (32) л бичигддэг.

 

 

"Дайчдын" бүрэлдэхүүнд НБА-ийн гурван удаагийн аварга Стефен Көрри, Клэй Томпсон, Дрэймонд Грин, Андре Игудала, хошой аварга Кевон Луни нар байгаа бол "Селтикс"-ийн бүрэлдэхүүнд НБА-ийн аварга болсон бүү хэл финалд тоглож үзсэн тоглогч нэг ч байхгүй гэнэ.

Хүссэн бөх болгон наадмын үзүүр, түрүүнд хүрээд байдаггүйн адил хэр баргийн баг НБА финалд үлдээд байдаггүй . Финалын өнгө, "амт", үнэ цэнийг өөр ямар ч тоглолттой адилтгаж болдоггүй, аль ч спортод.

Ийм л байдаг даа, финал гэдэг хэмээн ярьдаг даа...

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
21(66.181.190.203) 2023 оны 01 сарын 16

Бостон үргэлж 3 аас ингэж шидэхгүй байхаа

1  |  0
Top