Э.Цэндбаатар, Э.Шинэчагтага нар 600 саяын бооцоотой "алалцана" гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 08

Сүүлийн үед тулаан сонирхогчдын анхаарлыг татаад байсан Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, мэргэжлийн бокст саяхан шилжсэн Э.Цэндбаатар, One Championship холбооны холимог тулаанч Э.Шинэчагтага нарын тулааны тов гарлаа.

Тамирчид олон нийтийн сүлжээгээр нэг нэгнээ дайрч давшлан, их удсан. Э.Цэндбаатар өрсөлдөгчөө халз тулаанд дуудсан бөгөөд мэргэжлийн боксын дүрмээр өрсөлдөх санал тавьсан юм.

Э.Шинэчагтага тулааны дуудлагыг хүлээн авсан ч хоёр талаас 300 сая төгрөг гаргасан тохиолдолд л тулалдана гэж мэдэгдээд байсан. Тэгвэл талууд тулаан, бооцоогоо тохиролцож, халз үзэлцэхээр болсноо өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн мэдэгдлээ.

Э.Шиначагтага “Ширэн бээлий” боксын клубийн дасгалжуулагч, холимог тулааны тайлбарлагч Д.Төрбатын хамт ирсэн бол Э.Цэндбаатарыг багш Б.Энхтайван дагалдсан байлаа.

Тамирчид наймдугаар сард мэргэжлийн боксын дүрмээр, 70 кг-ын жинд өрсөлдөнө. Тус бүр 300 сая төгрөг гаргаж, ялсан нь 600 саяыг бүгдийг авах нөхцөлтэй. Монголын мэргэжлийн боксын холбоо зохион байгуулна.

Э.Цэндбаатар ОХУ-д мэргэжлийн бокст хүч сорьж байгаа бол Э.Шинэчагтага Сингапурын One Championship холбоотой гэрээтэй. Хэн хэн нь дэлхийд нэртэй, хортой шартай залуус тул маш сонирхолтой тулаан гарах нь гарцаагүй.

Э.Шинэчагтага урьд нь боксоор хичээллэж байсан, боксын Спортын мастер цолтой. Сонирхолтой нь тэд боксоор хоёр удаа таарч, тус бүр нэг ялалттай гэнэ. Э.Шинэчагтагийн дурдсанаар бол нэг удаа хүнд цохилтоор Цэндээг унагааж байжээ. Гэхдээ Цэндээ тоолуулаад босож, оноогоор тэр тулаанд ялалт байгуулж байжээ. Багаасаа нэг нэгнээ мэднэ гэх хоёр залуу үнэхээр үзэн ядалцаж байна уу, эсвэл тулааны пиар хийсэн үү, ямар ч гэсэн тун ширүүхэн хэвлэлийн хурал болж өнгөрлөө.

Мэргэжлийн боксын дүрмээр тулалдах тул Э.Цэндбаатар давуу талтай. Гэхдээ Чагтага бас хүнд нударгатай, боксоор хичээллэж байсан тулаанч. Харин хоёр тамирчин маань Монголд халз тулааны бооцоог арай өндөр эхлүүлчихлээ. Гэхдээ мэргэжлийн тамирчдын үнэлэмжийг нэмэгдүүлсэн сайн талтай.  

Хэвлэлийн бага хурлын хамгийн сонирхолтой хэсэг хоёр тамирчны харцны халз тулаан байдаг ч тэд ойртвол гар зөрүүлж, зодолдчих гээд байсан тул хийсэнгүй. Нэг нэгэн рүүгээ савтай ус, ундаа шидэж байхад юуных нь гар барих билээ.

Ингээд тамирчдын яриаг сонирхуулья.

Э.Цэндбаатар “Тулаанд би дуудсан. Э.Шинэчагтага боксын дүрмээр тоглохыг хүлээн зөвшөөрсөн. Бид хоёрын маргалдсан шалтгаан бол “Би чамайг цохиж унагааж байсан”, “Би боксоор хичээллэж байсан бол чамайг гаргахгүй байсан” гэж яриад их оодроод байгаа нь таалагдахгүй байгаа. Би Шинээг багаас нь мэднэ. Худлаа хүйтэн царайтай. Тэрнээс нь айна гэж боддог юм шиг байгаа юм. Үнэндээ энэ бол царайнаас цаашгүй амьтан. Би байнгын бэлтгэлтэй байгаа. Харин энэ Шинээ бэлтгэл ч олигтой хийж чадахгүй, худлаа гар. Худлаа далдайсан ийм хүмүүс хол явдаггүй. Би чамайг ард түмний нүдэн дээр зодмоор байна. Ална”

Э.Шинэчагтага хурал дээр юм яриагүй ч сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэр “600 сая төгрөгөө бэлнээр тавьж байгаад үзэлцэнэ. Би одоо 78 кг байгаа. Найман кг хасна. Э.Цэндбаатар 75 кг-тай байгаа гэсэн. Адилхан хасна. Намайг тулаанд дуудаж байж, холимог тулаанаар дуудаж чадаагүйд нь миний Цэндээг үнэлэх үнэлэмж буурсан. Гэхдээ эрсдэл байхгүй. Би ч гэсэн бокс тоглож байсан, түүнийг унагааж байсан. Дахиад цохиод унагаах боломж надад байгаа. Холимог тулаанаар бол энэ миний эсрэг нэг минут ч тэсэхгүй. Намайг мэргэжлийн боксоор дуудаж байгаа нь энэний аймхайгийн шинж”

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.126.90.49) 2022 оны 06 сарын 09

Энэ 2 тамирчин бол амьдрал нь тэгширчихсэн нэр хүндтэй тамирчид,Хийх юмаа олж ядсан улсууд юм.Ингэж аргаа барж олон нийтэд муухай харагдаж байхаасаа ичпэггүй юмуу.Илүүдээ гарсан 600 мянган төгрөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийнхээ эмчилгээ,эмийн зардлаа дийлэхгүй байгаа хүүхдүүдийн эхэд өгч туслаж буян болооч. Та 2-ыг нэртэй төртэй сайн тамирчин гэдгийг Монгол улс битгий хэл дэлхий мэднэ.Юугаараа гайхуулах гэсэн юм.боль

0  |  0
Зочин(66.181.160.48) 2022 оны 06 сарын 08

Ингэж байж л олны анхаарлыг татаж сониуч хүмүүсийг цуглуулж орлого олно шүү дээ.Өөрсдийн чадлаар мөнгө олно гэдэг зөв дөө хөө.

0  |  0
зочин(202.21.104.98) 2022 оны 06 сарын 08

од болох гээд ядчих юмаа

0  |  0
Top