Өнөөдөр Улаанбаатар хотод Азийн Цомын урьдчилсан шатны хэсгийн сүүлийн тоглолтууд явагдлаа.
Эхний хоёр тоглолтод сүүлийн минутуудад ялалтаа алдсан манай шигшээ баг энэ удаа Йемений багтай учирлаа. Йеменчууд манайхыг хоёр гоолын зөрүүтэй ялбал хэсэгтээ хоёрдугаар байр эзлэх байсан тул тун хичээж тоглосон. Харин манай багийн хувьд анхны ялалтаа авах, анхны бөмбөгөө оруулах, мэдээж хэсэгтээ сүүлийн байр эзлэхгүй гэсэн зорилготой байсан юм.
Олон улсын тэмцээнд байнга оролцдог, чансаа өндөр өрсөлдөгчөө манай шигшээ эхний мөчөөс л илүүрхэж, давамгайлсан. Эхний үеийн 8 дахь минутад Г.Ганбаярын супер гоолоор тооны харьцааг нээсэн. Хаалгачийн алсын дамжуулалтыг тогтоож, хамгаалагчийг биеэр илүүрхээд, тун оновчтой цохисон. Хоёрдугаар үед 53 дахь минутад хаалттай цохилтоос эхэлсэн довтолгоог мөн л Г.Ганбаяр гоолоор төгсгөлөө.
Өнөөдөр ээжинйх нь төрсөн өдөр байсан тул тэр гоолоо ээждээ зориулсан гэдгээ хэвлэлийн бага хурал дээр ярьлаа.
Нөгөө талд Палестины шигшээ баг Филиппинийг 4:0-ээр бут ниргэсэн. Манай багийн эсрэг тоглолтын сүүлийн мөчид 11 метрийн торгуулийн цохилтоор ялсан тэд ийнхүү хэсгээ тэргүүллээ. Манай баг Палестин, Филиппиний багтай тоглохдоо хоёр тэнцээгээ алдаагүй бол тун дээгүүр байр эзлэх байлаа.
Гэхдээ Азийн Цомын гурван тоглолт манай залууст маш их ирээдүй байгааг илтгэн харуулсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн шүү...