Австри ард иргэддээ 28 тэрбум еврогийн нөхөн төлбөр олгоно

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

 

Австрийн Засгийн газар инфляц өсөж, бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэнтэй холбогдуулан ард иргэддээ нийт 28 тэрбум еврогийн нөхөн төлбөр олгохоор болжээ.

Австрийн канцлер Карл Нехаммерийн мэдэгдсэнээр, Австрийн Засгийн газар инфляцын ард иргэдээс авсан мөнгийг буцаан олгох шийдвэр гаргав. Ард иргэдийн ачааллыг бууруулах зорилгоор нийт 28 тэрбум гаруй еврогийн багцыг бүрдүүлж чаджээ. Тусламжийн багц инфляц өссөний дүнд эдийн засгийн бүх салбар дахь үнийн өсөлтийн улмаас үүссэн хүндрэлийг даван туулахад туслах учиртай гэж Нехаммер онцолжээ. Түүний хэлснээр, тэтгэврийн хөгшид болон татвар төлөгчид 500-1000 евро, хүүхэдтэй гэр бүлд хүүхэд бүрд нь 900 хүртэл евро, бага орлоготой өрхөд 800 еврогийн тусламж үзүүлнэ.

Австрид энэ оны хоёрдугаар сараас эхлэн инфляц огцом өсөж, дээд үзүүлэлтэд хүрчээ. Гурав, дөрөвдүгээр сард инфляц 6.8-7.2 хувьд хүрсэн нь 1981 оноос хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм. Тавдугаар сарын инфляц найман хувьтай гарах урьдчилсан төлөвтэй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top