Себастьян Курц албан тушаалаасаа огцрохоор болжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

Себастьян Курц Австрийн канцлерын албан тушаалаа өгөх болсон тухай мэдэгджээ. Түүний эсрэг авлигын хэрэг үүсгэн, шалгаж байгаа билээ.

Тэрбээр ийм шийдвэр гаргахад хүнд байсан гэж тодруулаад канцлерын албан тушаалаа өгч байгаа ч Австрийн ардын намын дарга болон парламент дахь тус намын фракцын тэргүүнээр үлдэж буйгаа мэдэгджээ. Ингэснээр тэрбээр Ногоон намтай байгуулсан эвсэл задрахаас сэргийлж, Засгийн газрын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Эрх баригч Ардын намын даргын хувьд Курц гадаад хэргийн сайд Александер Шалленбергт Засгийн газрыг тэргүүлэх санал тавьсан байна.

Өнгөрсөн лхагва гарагт Австрийн Эдийн засаг, авлигын гэмт хэргийг шалгах прокурорын газар Себастьян Курц болон түүний ойрын есөн хүний эсрэг авлига, хахуулийн хэрэг үүсгэн, шалгаж буй тухай зарласан юм. Курц өөрийг нь буруутгаж  буй хэргийг үгүйсгэж байгаа юм.

Энэ мягмар гарагт /2021.10.12/ Австрийн парламентын доод танхим болох Үндэсний зөвлөлийн ээлжит бус хуралдааны үеэр Эрх чөлөө нам Курцад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахаар төлөвлөж байжээ.

Себастьян Курс /35 настай/ 2017 оноос эхлэн Австрийн Засгийн газрыг тэргүүлж байсан бөгөөд тус улсын түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд болсон юм. 2019 оны тавдугаар сард тус улсад улс төрийн хямрал үүссэн. Курц ээлжит бус сонгууль зарлаж, Засгийн газрыг тараан, шинэ танхим бүрдүүлж ажилласан ч парламент дахь сөрөг хүчин нь Курцыг танхимд итгэл үзүүлээгүй юм. Үүний дараа Австрийн Ерөнхийлөгч Александер Ван дер Беллен Курцыг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. 2019 оны есдүгээр сард болсон ээлжит бус сонгуульд Курцын тэргүүлсэн Австрийн Ардын нам ялалт байгуулж, Курц шинэ засгийг газрыг дахин бүрдүүлж байсан юм.  

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top