Хүн амаа коронавирусний эсрэг вакцинжуулах ажил геополитикийн сөргөөлдөөн болж хувирсан. Энэ сөргөлдөөнд Европын холбоо дэлхийн бусад бүс нутагтай өрсөлдөх чадваргүй болох нь тодорхой байна гэж Австрийн канцлер Себастьян Курс мэдэгджээ. Тэрбээр Их Британи, АНУ нь ЕХ-ны гишүүн орнуудыг бодвол вакциныг илүү шуурхай авч, хүн амаа вакцинжуулж байна гэжээ.
Болгарт хүмүүс вакцин авч чадахгүй байхад Мальта ирэх тавдугаар сард хүн амаа бүрэн вакцинжуулна гэснээс болж Европын холбоо дотор маргаан, хурцадмал байдал үүсвэл Европын холбоонд асар их хохирол учрах болно гэж Курц онцолжээ.
Тэрбээр ЕХ-ны гишүүн орнуудад коронавирусний эсрэг вакцины хуваарилалт хүн амтай нь уялдахгүй байна гээд ЕХ-ны төр, засгийн тэргүүн нарын тохиролцсон тохиролцоог үл харгалзан ЕХ-ны удирдах зөвлөлийн хүрээнд эмийн үйлдвэрүүд, Европын зарим орнууд нууцаар гэрээ хийсэн байж болзошгүй гэж мэдэгдсэн байна. Үүний улмаас Австри, Болгар, Латви, Словени, Чех зэрэг Европын холбооны гишүүн таван орон вакцины шударга хуваарилалтын асуудлаар ЕХ-ны дээд хэмжээний уулзалт явуулахыг шаардсан юм. Курцын мэдэгдсэнээр, ЕХ-ны хэд хэдэн улс Европын комиссоос вакциныг хүн амтай нь уялдуулан хуваарилах механизм байгуулахыг шаардаж байна.
Сэтгэгдэл ( 0 )