FIBA 3x3: Антверпен ДАШТ өнөөдөр эхэлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 21

Бельгийн Антверпен хотноо энэ сарын 21-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг оролцоно. Хэсгийн шатанд Монголын эрэгтэй шигшээ  Литва, Герман, Тайвань, Чилийн багуудтай “B” хэсэгт бичигдсэн. Харин бүсгүйчүүд Польш, Египет, Доминикан болон зохион байгуулагч Бельгийн хамт “С” хэсэгт өрсөлдөнө.

 

 

Эрэгтэй багуудын өрсөлдөөний чансааг Сербийн шигшээ тэргүүлж байгаа. Өмнөх 6 дэлхийн аваргын тэмцээний дөрвийнх нь цомыг өөр дээрээ дархалсан тэдний хувьд гол фаворит байх нь гарцаагүй. Харин мэргэжилтнүүд Токиогийн олимпоос анхны цомоо хүртсэн Латви, аваргаа хамгаалагч АНУ-ын шигшээ багуудыг илүүтэй онцолж байна. Мөн энэ бүх таамгийг эвдэж, гол өрсөлдөгчдийг тайзнаас буулгах магадлалтай багуудын тэргүүн эгнээнд Монголын шигшээг нэрлэжээ.

 

 

2018 онд анх удаа ДАШТ-д оролцож, удаах өрсөлдөөнд чансаагаараа шалгарсан манай багийн хувьд энэ оны хамгийн том амжилтаа Филиппиний нийслэл Манилад үзүүлсэн. Манила Мастерс-т дунд насны Сансар MMC Энержи баг Мельбурн, Антверпен, Манила зэрэг багуудыг ардаа хийж анх удаа 3-р байранд шалгарсан нь “битүү морьд”-ын тоонд багтах гол шалтгаан болсон гэжээ. Манай баг эхний тоглолтоо Тайваний эсрэг 6/22-23-нд шилжих шөнө 00:00 цагаас хийнэ. Харин эмэгтэйчүүдийн хувьд 6/22-нд 23:30 цагаас зохион байгуулагч орны эсрэг тоглоно.

Манай багууд тус бүр 6 тоглогчийн бүрэлдэхүүнтэй хилийн дээс алхаж дэлхийн аваргын өмнө шигшээ багуудын нөхөрсөг тэмцээнүүдэд оролцсон. Харин хамгийн чухал тайзан дээр тэднээс 4 нь талбайд гарна.

 

Эрэгтэй бүрэлдэхүүн :

1. Д.Дэлгэрням

2. Э.Дөлгөөн

3. А.Ананд

4. О.Энхбаатар

5. Ц.Отгонжаргал

6. Г.Ган-Эрдэнэ

Эмэгтэй бүрэлдэхүүн:

1. Б.Болор-Эрдэнэ

2. Э.Чимэддолгор

3. О.Хулан

4. М.Цэрэнлхам

5. Г.Минжин

6. Б.Ариунцэцэг

Багийн арын албанд МУГД С.Тулга, түүний хамт туслахаар Канадын мэргэжилтэн Стив Сэр, багийн эмчээр Б.Тэлмэн, багийн менежерээр Ө.Мөнхчулуун нар ажиллаж байна.  

7 дахь удаагийн “3х3 Сагсан Бөмбөгийн ДАШТ”-ийг Unisports-600, LookTV, DDISH-888 сувгуудаар албан ёсны эрхтэйгээр хүлээн авч үзэх боломжтой.

Монголын 3х3 Сагсан Бөмбөгийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top