Зургадугаар сарын 23 бол спорт, олимпизмынхны хувьд онцгой өдөр байдаг. Францын их соён гэгээрүүлэгч, нэрт зүтгэлтэн Пьер-де-Кубертен 128 жилийн тэртээ шинэ олимпын хөдөлгөөнийг эхлүүлж, Олон улсын олимпын хороог байгуулсан энэ өдрийг хүндэтгэн 1948 оноос хойш Олимпын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.
Олимпын өдөр бол спорт, олимпизмоор дамжуулан эрүүл, идэвхтэй дасгал хөдөлгөөний ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах, спортоор хичээллэхэд уриалан дуудах утга агуулгатай өдөр юм.
Энэ ч утгаараа өнөөдрийн олимпын өдөр нь та бүхэнд олимпизмоор цээж дүүрэн амьсгалж, анхлан хичээллэгчдээс аварга баатар хүртэл мөр зэрэгцэн гүйж, хамтдаа баяраа тэмдэглэж, дурсамжаа хуваалцаж, ирээдүйгээ хэлэлцэх эрхэм боломж олгож байна.
Та бүхэнд Олимпын өдрийн халуун мэндийг дэвшүүлж, хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, эрүүл энх байхыг хүсэн ерөөе.
Мөн спорт, олимпизмыг дэмжиж явдаг нийт тамирчид, хувь хүн, байгууллага хамт олонд бүгдэд нь хамгийн сайн сайхныг хүсэн мэндчилье.
Энэ завшааныг тохиолдуулан олимпизмын үйл хэргийн төлөө идэр залуу үеэс насан буурал болтлоо нэр төртэй зүтгэсэн МҮОХ-ны Ерөнхийлөгч асан, ОУОХ-ны хүндэт гишүүн, нас сүүдэр 94-ийг зооглосон “Олимпын өвөө” Ш.Магван тандаа Олимпын өдрийн баярын мэндийг онцгойлон хүргэж, мэхийн ёсольё.
МҮОХ нь ОУОХ-ноос хэрэгжүүлж буй ногоон хөгжлийн бодлогыг дэмжиж, Олимпын хорооныхоо гаднах талбайд ард иргэдэд нээлттэй цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлээд байна. Олимпик хаусын хойд хэсэгтээ олимпын цэнгэлдэх хүрээлэн байгуулах зорилготой ажиллаж байна.
Мөн орчин үеийн олимпын хөдөлгөөний чиг хандлагыг дагаж эмэгтэй тамирчдынхаа үүрэг, оролцоог нэмэгдүүлэх бодлого баримталж буйгаас гадна МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх эмэгтэйчүүдийн тоог нэмэх зорилгоор дүрэмдээ өөрчлөлт оруулсныг дурдахад таатай байна.
Таван цагаригаа өндөрт өргөж, таван тивд өргөнөөр тэмдэглэж буй олимпын өдрийн баярын мэндийг дахин дэвшүүлж, та бүхний хүсэл мөрөөдөл хурднаас хурдан бүтэж, өндрөөс өндөр амжилтад хүрч, хүчтэйгээс хүчтэй бүтээн туурвиж, хамтдаа үргэлж идэвхтэй хамтран ажиллахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.
Таныг хүндэтгэсэн
ОУОХ-ны гишүүн,
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг
Сэтгэгдэл ( 0 )