"Улаанбаатар Их Дуулга" тэмцээнийг заавал үзэх 5 шалтгаан

2022 оны 06 сарын 23

Маргааш манай улсын нийслэл Улаанбаатар хотод IJF холбооны жүдо бөхийн цуврал тэмцээний нэг болох Их Дуулга тэмцээн эхлэх гэж байна.

Энэ тэмцээнийг заавал үзэх ёстой таван шалтгааныг бид та бүхэнд танилцуулъя.
 

1, Олимпын оноо олгох тэмцээн

2024 оны Парисын олимпын наадмын чансааны оноог Улаанбаатарын Их Дуулга тэмцээнээс өгч эхлэх юм. Өөрөөр хэлбэл олимпын цикл Монголд эхэлж байна гэсэн үг. Маргаашаас эхлэн жүдочид чансааны оноо цуглуулж, жин тус бүрийн эхний 22 бөх олимпын эрхээ авах учиртай. Их Дуулга ангилалд түрүүлсэн тамирчин чансаагаа 1000 оноогоор ахиулах бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5-р байр 360, 7-р байр 260, шөвгийн 16-д шалгарвал 160 оноо авах юм. Мөн шагналын сан өндөр 154.000 евро бөгөөд түрүүлсэн жүдоч 4000, мөнгөн медаль 3000, хүрэл медальтан 1500 еврогийн шагнал гардана.

2, ОХУ-ын жүдочид дэлхийн дэвжээнд эргэн ирлээ

Хоёрдугаар сарын 14-нд эхэлсэн Украины дайны улмаас Оросын тамирчид олон улсын тэмцээнд орох эрхээ хасуулсан. Харин Олон улсын жүдо бөхийн холбооноос орос бөхчүүдийг манай тэмцээнд IJF холбооны нэр дор оролцохыг зөвшөөрсөн юм. Хэдий энэ шийдвэр олны шүүмжлэлийг дагуулж, Украины баг оролцохгүй гэдгээ зарласан ч 24 орос жүдоч Улаанбаатарт барилдахаар ирээд байна.

3, Японы хүчирхэг шигшээ баг

Харамсалтай нь олимпын хошой аварга Шёохэй Оно тав хоногийн өмнө оролцож чадахгүй болсноо зарласан. Гэхдээ Японы багт олимпын аварга Таканори Нагасэ, дэлхийн аваргын медальт Рюүжү Нагаяма болон Кентаро Иида, Юсей Огава, Хъега Ота, Нацүми Цүнода, Аи Шишимэ, Цүкаса Ёшида, Нами Набекүра, Ёко Оно, Мами Үмеки нарын алдартнууд бий.

4, Монголын том шигшээ баг

Дээр дурдсанчлан Улаанбаатарын Их Дуулга тэмцээн чансааны оноо олгоно. Мөн багагүй хэмжээний мөнгөн шагналтай. Манай улс зохион байгуулагчийн эрхээ ашиглан жин тус бүрд дөрвөн жүдоч сойсон. Нийт 56 хүний бүрэлдэхүүнтэй тус багт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Г.Одбаяр, Г.Алтанбагана, Б.Хорлоодой нарын сайчуул бий.

5, Дэлхийн алдартнууд

Улаанбаатар Их Дуулга тэмцээнд гадаадын олон шилдэг тамирчин ирнэ. Тиймээс та стадионд очиж, дэлхийн алдартнуудыг дэргэдээс нь хараарай. Мэдүүлгээс харахад Давлат Бобонов, Жорж Фонсека, Юнг Вей Янг, Саги Муки, Френк Де-Вит, Майкл Коррел, Рой Мейер, Денис Виеру, Шамиль Борчашвили гээд хүчтэнүүд олон байна.

Улаанбаатар Их Дуулга тэмцээн энэ сарын 26 хүртэл Мөсөн өргөөнд үргэлжилнэ. С 1 телевиз тэмцээнийг шууд дамжуулан үзүүлнэ.

Цахимаар үзэх бол - https://live.ijf.org/gs_mgl2022/live_video

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.11) 2022 оны 06 сарын 24

Ийм шалтгаанууд тэмцээн бүрд л байгаа ш дээ, ямар ч онцгой юм алга даа

0  |  1
Зочин(66.181.161.80) 2022 оны 06 сарын 24

Энд зайлшгүй энэ тэмцээнийг үзэх бодит шалтгаан нэг ч алга, ямар ч хэрэггүй хоосон дөвийлгөсөн хоосон хийрхэл л байна ш дээ

0  |  1
Top