Махмедбек Махмедбеков: Барилдаан эхлээд л мөрөө гэмтээсэн  

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 26

"Парис-2024" зуны олимпын наадмын чансааны оноо олгох “Улаанбаатар Их Дуулга-2022” тэмцээн энэ сарын 24-26-нд нийслэлийн "Мөсөн өргөө"-нд явагдаж байна.

Токиогийн олимпын хүрэл медальт, ОУХМ Ц.Цогтбаатар "Улаанбаатар Их дуулга"-ын 73 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ. Тэрээр алтан медалийн төлөөх барилдаанд IJF-ийн нэр дээр орж буй ОХУ-ын тамирчин Махмадбек Махмадбековт вазаригаар ялагдсан юм.

Махмедбек Махмедбеков. Тажикстан гаралтай, ОХУ-ын шинэ од гэгдэж буй залуу тамирчин. Ах нь Тажикстаны шигшээ багийн Сомон Махмадбеков. Махмедбек 2021 онд Казань, Баку ИХ Дуулгад түрүүлсэн. Өсвөр, залуучуудын маш олон тэмцээнд тэргүүлж байжээ. Монгол багштай. Манай жүдогийн нэрт мэргэжилтэн “Орос” Эрка түүний дасгалжуулагч.

Махмедбек Махмедбеков барилдааны дараа “Манай жүдо бөхөд өрсөлдөгчөө хүндэлдэг. Монгол тамирчин бид хоёр барилдахаасаа өмнө хоорондоо юм яриад л зогсож байсан. Хүмүүс бид хоёрыг гайхаад л хараад байх юм. Татами дээр бид өрсөлдөгчид, үзэж тарах ч дэвжээнээс буугаад л найзууд. Би Ц.Цогтбаатартай барилдахаар бусад өрсөлдөгчид шигээ л  жирийн бэлтгэсэн. Онцгой бэлдсэн зүйл байхгүй. Барилдаан эхлээд анхны довтолгоондоо би мөрөө гэмтээсэн. Цогтоог шидтэл тэр хэвтээ байдалд миний гар дээр суух гэж оролдоод. Би босох гэж оролдохдоо мөрөө мулталчих шиг болсон. Шүүгч ойлголгүй Бос, Бос гээд байх юм. Хэсэг сууж байгаад барилдсан. Сүртэй гэмтэл биш байлаа” гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top