Парисын олимпын боксын тэмцээнийг ОУОХ зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 27

ОУОХ-ны Спортын захирал Кит Макконнелл хэвлэлийн бага хурал хийлгэж, 2024 оны олимпын боксын тэмцээнийг зохион байгуулахад Олон улсын боксын холбоог (IBA) оролцуулахгүй гэж мэдэгдлээ.

Кит Макконнелл “ОУОХ-ноос Парисын олимпын боксын тэмцээнийг өөрсдөө зохион байгуулж, явуулна. Энэ нь боксын спорт, боксын ертөнцөд илүү ашигтай гэж бид шийдсэн. Одоогийн байдлаар олимпын эрхийг хэрхэн олгох талаар шийдвэр гараагүй байна. Эрхийн тэмцээнд ч Олон улсын боксын холбоо (IBA) хамаагүй” гэж мэдэгдлээ.

2019 онд ОУОХ-ноос IBA (тэр үед AIBA) холбооны гишүүнчлэлийг зогсоосон. Токио олимпын наадмын боксын тэмцээнийг ОУОХ зохион байгуулсан билээ.

Олон улсын боксын холбоо (IBA)-ноос энэ талаар “Манай холбооны удирдлага ганц сарын өмнө сонгогдсон. Бид холбооны удирдлагын систем, санхүүгийн ил тод байдал, эрх тэгш шударга байдлыг сайжруулах тал дээр үргэлжлүүлэн ажиллана. ОУОХ-ны шийдвэрт маш их харамсаж байна. Бид ямар хариу арга хэмжээ авахаа сайтар бодно” гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top