Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
АНУ-ын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн дөрвөн өдөр үргэлжлээд өнөөдөр өндөрлөв. Тэмцээн Орегон мужийн Южин хотноо, "Hayward Fields" цэнгэлдэхэд явагдсан бөгөөд яг энд ирэх долоодугаар сарын 15-24-нд хөнгөн атлетикийн ДАШТ явагдах билээ. Тиймээс Америкийн хөнгөн атлетикчдын хувьд ДАШТ-ий өмнөх "Их сунгаа" нь УАШТ нь боллоо.
Түүхэндээ ДАШТ-ээс авсан медалийн тоогоор (170 алт, 117 мөнгө, 94 хүрэл, нийт 381 медаль) тэргүүлдэг АНУ-ын "Орегон-2022" дэлхийн аваргад оролцох баг энэ тэмцээнээс тодрох журамтай (ганцаарчилсан зай төрөл бүрд медальт байрт шалгарсан гурван тамирчин ДАШТ-д оролцох эрхээ авах бөгөөд ДАШТ-ий стандартыг биелүүлсэн байх ёстой) байсан нь тэмцээнийг тун сонирхолтой, өрсөлдөөнтэй болгов. Урьд өмнө нь олимп, дэлхийд хэд ч түрүүлсэн байсан хамаагүй зөвхөн энэ УАШТ-д үзүүлсэн амжилтаар багаа сонгож байгаа нь шударга ч, бас хатуу "харгис" шүү!!!
Жишээ нь, эмэгтэй 100 метрт олимп, дэлхийд түрүүлнэ гэж яригддаг Ша'Карри Ричардсон УАШТ-дээ түрүүлэх нь бүү хэл хагас шигшээд ч орж амжихгүй, 11,31 сек амжилтаар 23-р байрт бичигдээд "мултарч" байна. Энэ зайд түрүүлсэн Мелисса Жефферсон хоёр долоо хоногийн өмнө NCAA буюу Оюутны УАШТ-д наймдугаар байрт орж байсан гүйгч гэж байна.
Супер од хэмээгддэг Ричардсон том тэмцээнд оролцох аз од, хувь дутаад байна даа. "Токио-2020" олимпод оролцох эрхийн төлөө тэмцээнд түрүүлсэн ч марихуан хэрэглэсэн нь тогтоогдоод олимпод оролцож чадаагүй бол энэ удаа эх орондоо болох тэмцээнийг өнжих боллоо доо.
Америкийн төдийгүй дэлхийн хөнгөн атлетикийн домог, Олимпын 7 алт, 3 мөнгө, 2 хүрэл, ДАШТ-ий 13 алт, 3 мөнгө, 2 хүрэл медальт, энэ жил 37 нас хүрэх Аллисон Феликс улсынхаа АШТ-д 19 дэхээ оролцож, өөрийн гол зай 400 метрт финалдаад зургаадугаар байрт орлоо.
ДАШТ-д Феликс ганцаарчилсан төрөлд хурд сойх боломж лав үгүй болсон. Гэхдээ 4х400 метрийн буухианд оролцож магадгүй юм.
Харин супер одуудаас Сидни Маклафлин үнэхээр торгон ир дээрээ байгаагаа харуулж, 400 м халхалттай гүйлтэд 51,41 секунд гүйж, Дэлхийн рекордыг шинэчиллээ. Өмнөх рекордыг (51,46 сек) мөн л Маклафлин "Токио-2020" олимпын үеэр тогтоож байсан юм. Энэ жил 22-хон настай ч Сидни Маклафлин хоёр ч олимпод оролцсон, "Токио-2020" олимпын хошой алт (400м /х, 4х400 м буухиа), "Катар-2019" ДАШТ-ий алт (4х400м буухиа), мөнгөн (400м/х) медальтай гүйгч. "Орегон-2022"-д дэлхийн аварга цолыг ганцаарчилсан төрлөөр авна гэдгээ бараг л "зарлалаа" даа.
Эрэгтэй 100 м -т дэлхийн аварга, допингийн эсрэг дүрмийн зөрчлөөс олимпыг өнжсөн Кристиан Коулман финалд шалгарсан ч уралдааны замд гарсангүй. Өмнөх дэлхийн аварга ДАШТ-д оролцох эрх нь байгаа тул заавал медаль зүүх гэсэнгүй бололтой.
Харин энэ зайд цагтаа 400м -т ДАШТ-ээс нэжгээд медаль зүүж байсан, сүүлийн хоёр жилд спринт зайд уралдах болсон, Токиогийн олимпын 100м-ийн мөнгөн медальт Фредрик Ли Керли 9.77 секундээр түрүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )