Тувагийн нийслэл Кызыл хотод ОХУ-ын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болж өнгөрлөө.
Тэмцээний дараа Оросын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Жамболат Тедеев сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-УАШТ амжилттай явагдаж өндөрлөлөө.
-Би Кызыльд анх удаа ирж байна. Жижигхэн, сайхан хот байна. Энд улсын аваргаа зохион байгуулсандаа Тувагийн тэргүүн Владислав Ховалыгад их баярлалаа гэж хэлмээр байна. Саад бэрхшээл олон байсан ч сайн зохион байгууллаа. Хоёр чартер онгоц хөлсөлж, тамирчдаа авчирсан нь багагүй зардал болсон. Тэмцээн маш өндөр түвшинд явагдлаа.
-Тэмцээн таван дэвжээн дээр зэрэг явагдлаа.
-Буруу, зөв гээд бүгд л маргаж байна. Миний хувьд олон улсын дүрмийн дагуу гурван дэвжээн дээр явагдах нь дээр. Тамирчин, үзэгчдэд илүү таатай.
-Олимпын аваргуудаас ганцхан Заур Угуев зодоглолоо?
-Аваргууд маань бага багаар формдоо орж л байна. Угуев формдоо ороогүй байгаа ч дахиад улсын аварга болж чадлаа. Начын Монгуш нутагтаа маш сайн барилдсан ч Угуевыг унагааж чадсангүй. Заурбек Сидаков гэмтэлтэй байгаа. Абдулрашид Садулаев бэлтгэл дутуу байгаагаа урьдчилан надад мэдэгдсэн.
-Токио олимпын медальт Артур Найфонов, Гажимурад Рашидов нарын талаар?
-Артур сайн барилдсан. Харин Гажимурад бүтэн жил барилдаагүй болохоор алдаа гаргаж байлаа. Одоохондоо манай бөхчүүд олон улсын тэмцээнд орж чадахгүй болоод байгаа. Барилдах тэмцээн бага байна. Гэхдээ бидэнд ДАШТ-д оролцох найдвар байгаа гэдгийг мартаж болохгүй. Барилдах боломж болгоныг алдалгүй ашиглах хэрэгтэй. Спортын зарим холбоод орос тамирчдыг тэмцээнд оруулж байгааг бид харж байна. Удахгүй Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо ч бидэнд зөвшөөрөл өгнө гэж итгэж байна.
-Үндэсний шигшээ багийн төлөвлөгөө ямар байгаа вэ?
-Долоо хоногийн дараа Сочид 14 хоногийн цугларалттай. Долоодугаар сарын сүүлээр Кисловодскт 21 хоногийн цугларалт хийнэ. Бид есдүгээр сард Сербид болох дэлхийн аваргын тэмцээнд оролцоно гэж бодоод бэлтгэлээ хийнэ. Хамгийн ойрын тэмцээн бол наймдугаар сард болох Бүх ард түмний спартакиад байгаа.
Сэтгэгдэл ( 0 )