С.КӨРРИ "ESPY awards"-ийг хөтөлнө

Админ | Zindaa.mn
2022 оны 07 сарын 01

Ц.Энхтүвшин, Таван цагариг сонин

Жил бүрийн долоодугаар сарын дундуур Америкийн спортын ертөнцийн оны шилдгүүдийг шалгаруулдаг "ESPY awards" ёслолын ажиллагаа болдог юм.

Хөгжмийн ертөнцийн "Грэмми", кино урлагийн "Оскар", ТВ-ийн "Эмма" гээд салбар салбарын шилдгүүдийг тодруулдаг наадмуудтай "өнгө ижил" наадам.

Олон орон спортын ертөнцийн шилдгүүдийг оны эцсээр ихэвчлэн тодруулдаг бол Америкчууд халуун зунаар энэ шагналаа гардуулдаг нь NBA, NHL, NFL гээд гол мэргэжлийн лигүүдийн улирал дууссан, аваргууд тодорсон , "ямааны мах халуунаараа" байдагтай холбоотой л доо.

1993 оноос зохиогдож ирсэн "ESPY awards"( Excellence in Sports Performance Yearly awards) ёслолыг спортын алдартай ESPN теле суваг санаачлан, зохион байгуулсаар өнөөдрийг хүрсэн билээ.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас олсон бүх орлогыг ( тасалбар, ТВ эрх, зар сурталчилгаа ) хавдрын эсрэг үйл ажиллагаанд хандив болгодог уламжлалтай.

Маш олон номинацитай бөгөөд эр, эмэгтэй шилдэг тамирчин, шилдэг баг, шилдэг дасгалжуулагч гээд сонгодог номинацуудаас гадна хүмүүнлэгийн үйлсэд байгуулсан амжилт, олон нийтэд үзүүлсэн нөлөөгөөр олгодог Артур Эш-ийн нэрэмжит шагнал, эр зориг , тэсвэр тэвчээрийг үзүүлсэн тамирчинд олгодог Жиммигийн нэрэмжит шагналууд ч ихээхэн нэр хүндтэйд тооцогддог.

Хувь тамирчин, багаас гадна шилдэг тоглолт, шилдэг агшин, сэтгэл гонсойлгосон мөч, дээд амжилт, шилдэг олимпын, оюутны ,мэргэжлийн лигийн, спортын төрлүүдийн, парагийн тамирчид, олон улсын тамирчин( эр, эм) гээд л олон төрөл, номинаци бий.

"ESPY" -г хамгийн олон удаа хүртсэн тамирчин бол алдарт гольфчин Тайгер Вудс бөгөөд түүнд 21 цом бий.

Энэ жилийн "ESPY awards" шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа долоодугаар сарын 29-нд Лос Анжелес хотын "Microsoft Theatre"-т явагдах бөгөөд ABC телесуваг шууд дамжуулах тов өнөөдөр гарлаа.

Сонирхолтой нь энэ жилийн 30 дахь удаагийн  "ESPY"-г НБА-ийн дөрвөн удаагийн аварга, 2022 оны финалын шилдэг тоглогч , супер од Стефен Көрри  хөтлөх ажээ.

2006 онд анх удаа "ESPY"-гийн хөтлөгчөөр тамирчин ажилласан бөгөөд тэр нь дуулиант, шуугиант дугуйн од Лэнс Армстронг байсан билээ. Түүнээс хойш 2007 онд сагсан бөмбөгч Леброн Жэймс, 2016 онд "нохой зодооны" од Жон Сина, 2017 онд америк хөлбөмбөгийн алдартан Пэйтон Мэннинг, 2018 авто уралдааны эмэгтэй од Даника Патрик, 2020 онд сагсан бөмбөгч Сью Бирд, хөлбөмбөгч Меган Рапино, америк хөлбөмбөгч Рассель Уилсон нарын тамирчид хөтлөгчөөр ажиллаж байв.

Энэ жил хөтлөгчөөр ажиллах Стеф маань өөрөө шилдэг эрэгтэй тамирчин, НБА-ийн шилдэг тоглогч, онцлох Рекорд эвдэгч гэсэн гурван ч хувийн шагналд нэр нь дэвшсэн төдийгүй түүний "Голден стэйт уорриорз" баг нь шилдэг багт мөн   нэр дэвшээд байгаа юм.

За тэгээд хоккейчин Коннор Макдэвид, усанд сэлэлтийн Кэти Ледеки, гимнастикч Суниса Ли, сагсан бөмбөгч Жо Морант, фристайл цанын Эйлин Гу, хөнгөн атлетикч Аллисон Феликс, америк хөлбөмбөгийн Том Брэди, сагсны Клэй Томпсон, уран гулгагч Нэтан Чен, сагсны Лука Дончич, Никола Йокич, боксчин Тайсон Фюри, теннисч Рафаэль Надаль, хөлбөмбөгч Карим Бензема гээд л театрт байтугай тэнгэрт үл багтах, тоо томшгүй олон оддын чуулган болох нь ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top