Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
Хоёр долоо хоногийн дараа буюу долоодугаар сарын 15-нд энэ зуны спортын ертөнцийн хамгийн том, гол үйл явдлын нэг болох хөнгөн атлетикийн ДАШТ АНУ-ын Орегон мужийн Южин хотноо эхлэх гэж байна.
Нэр хүнд, цар хүрээгээрээ "Спортын хатан хаан"-ы ДАШТ дээгүүр эрэмбэтэй. 18 дахь удаагаа зохиогдох гэж буй энэ жилийн ДАШТ-д гэхэд л 214 гишүүн орноос бараг 200 гаруй орны 2000 давсан тамирчид оролцох юм.
Хөнгөн атлетикийн ДАШТ 1983 онд анх зохиогдож, дөрвөн жилд нэг удаа болдог байснаа 1991 оноос хойш хоёр жил тутам зохиогддог болсон түүхтэй.
"Орегон-2022" ДАШТ уг нь 2021 онд болох хуваарьтай байсан боловч цар тахлын улмаас хойшлогдсон "Токио-2020" олимпын наадамтай давхацсан тул жил өнжин хойшлогдсон билээ.
Энэ жилийн ДАШТ-ий бас нэг онцлог нь АНУ-д анх удаагаа хөнгөн атлетикийн ДАШТ айлчлан ирж байгаа.
Хөнгөний ДАШТ-ээс авсан медалийн тоогоор тэргүүлдэг, амжилтаараа ч аархдаг Америк хөнгөн атлетикийн ДАШТ урьд өмнө нь ер болж байгаагүй гэхээр бараг хэрийн хүн итгэмээргүй.
Дашрамд өгүүлэхэд хөнгөн атлетикийн ДАШТ-ээс нийт авсан медалийн тоогоор АНУ (170 алт, 117 мөнгө, 94 хүрэл, нийт 381 медаль), Кени (60,50,41=151), ОХУ (42,52,48=142), Герман (38, 36,47=121), Ямайка (35, 49, 43=127) улсууд "айргийн тавд" бичигддэг.
Хөнгөн атлетикийн ДАШТ-д хүссэн болгон бас орохгүй. Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны гаргасан "entry standards" биелүүлсэн, дэлхийн аварга цолыг эзэмшиж буй, өнгөрсөн жилийн "Алмаазан лиг"-ийн аваргууд, чансааг тэргүүлж буй гэх мэт тодорхой нөхцөл, болзлыг хангасан тамирчид л оролцдог юм.
"Орегон-2022" дэлхийн АШТ-д манай Монголын дөрвөн тамирчин оролцоно. Тодруулбал эрэгтэйчүүдийн марафонд Монгол Улсын гавьяат тамирчин, Ази тивийн аварга Б.СЭР-ОД, Ц.БЯМБАЖАВ, Д.ГАНТУЛГА (эрэгтэй марафонд Монголын дөрвөн тамирчин ДАШТ-ий entry standard биелүүлсэн боловч нэг зай төрөлд нэг улсаас дээд тал нь гурван тамирчин л ДАШТ-д оролцох эрхтэй байдаг тул манайхаас дээрх гурван тамирчин оролцох болсон), эмэгтэйчүүдийн марафонд Б.МӨНХЗАЯА нар дасгалжуулагч О.ОЮУНТУЯА, Б.ДОРЖПАЛАМ , Т. ШИЙТЭРЧУЛУУН нарын удирдлага доор оролцох ажээ.
"Орегон -2022" ДАШТ-ий эрэгтэйчүүдийн марафон долоодугаар сарын 17-ний өглөөний 06:00 цагт (АНУ-ын баруун эргийн цагаар) , эмэгтэйчүүдийн марафон долоодугаар сарын 18-ны өглөөний 06:00 цагаас тус тус гараанаас гарах бөгөөд АНУ-ын NBC Sports теле суваг шууд дамжуулан үзүүлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )