Монголын “мятрашгүй” марафонч Б.Сэр-Одын уралдааны зам дуусах болоогүй ээ

Админ | Zindaa.mn
2022 оны 07 сарын 04

Сэтгүүлч Катал Деннехи "World Athletics"-т зориулан бичсэнийг орчуулсан Э.Гуамарал

Магадгүй та урьд өмнө нь түүнийг анзаарч байгаагүй байж мэднэ. Харин хаа нэгтээ харсан бол тэрбээр гарцаагүй дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн уралдаж явсан нь байж таарна.

Монгол нутгийн хүү Бат-Очирын Сэр-Од Олимп болон ДАШТ-ий медалийн тавцанд зогсож, марафоны амжилтаа 2 цаг 8 минутаас ахиулж хараахан амжаагүй, ДАШТ-д эхний 15-д орж байсангүй. Үзүүрээс нь атгаад алдсан амжилтуудыг дурдахаас илүүтэйгээр 40 насны босго давсан марафончын туулсан зам, хүрсэн оргилуудыг энд онцлохыг зорилоо.

Тэрээр 2003 оны Хөнгөн Атлетикийн ДАШТ-ээс хойш бүхий л томоохон марафонуудад алгасалгүй оролцсон бөгөөд үүнд:

2003 он. ДАШТ . Парис, 63 -р байр

2004 он. Олимп. Афин , 74 -р байр

2005 он. ДАШТ. Хельсинки, 61-р байр

2007 он. ДАШТ. Осака, 55-р байр

2008 он. Олимп. Бээжин, 52-р байр

2009 он. ДАШТ. Берлин, 29-р байр

2011 он. ДАШТ. Дэгү, 19-р байр

2012 он. Олимп. Лондон, 51-р байр

2013 он. ДАШТ. Москва, 35-р байр

2015 он. ДАШТ. Бээжин, 38-р байр

2016 он. Олимп. Рио де Жанейро, 91-р

2017 он. ДАШТ. Лондон, 48-р байр

2019 он. ДАШТ. Доха, 54-р байр

2021 он. Олимп. Саппоро, DNF

(Энд Б.Сэр-Одын зөвхөн дөрвөн жил тутам болдог Олимпын наадам, хоёр жил тутам зохиогддог хөнгөн атлетикийн ДАШТ-д үзүүлсэн амжилтыг дурджээ. Б.Сэр-Од үүнээс гадна Ази тивийн АШТ-ээс марафон гүйлтээр 2008 онд мөнгө, 2013 онд алтан медаль хүртэн, Ази тивийн аварга болж, 2013 оны Зүүн Азийн наадамд мөнгөн медаль зүүж, 2013 оны Осака марафонд түрүүлж, 2014 онд Фүкүокагийн марафоноос хүрэл, 2015 онд Бива нуурын марафоноос хүрэл медаль хүртэж, 2010 онд Брайтоны болон Хофү Ёмиүри марафонд түрүүлж, Дэлхийн топ зургаан марафоны хоёрт нь (Берлин, Лондон) эхний 10-т хурдалж байсан билээ. Орч.)

Хамгийн сүүлд буюу Токиогийн олимпын ард бичигдэх DNF гэх гуравхан үсэг нь уралдааны туршид мэдэрсэн тэсвэр алдам өвдөлт хийгээд түүний замаа дуусгалгүй үлдээсэн харууслыг илтгэх мэт. Саппорогоос урамгүйхэн харьсныхаа дараа хоёр сарын турш сэтгэл гутралтай тэмцэлдсэн түүнд бэлтгэл сургуулилтдаа эргэн орох итгэл найдвар өгсөн хүч нь "Парис-2024" Олимпын наадамд оролцох эрх авах явдал байв. Ингэж гэмээнэ Б.Сэр-Од олимпын наадмын марафон гүйлтийн төрөлд зургаан удаа оролцсон анхны тамирчин хэмээх түүхэн амжилтын эзэн болох юм.

Түүний хувьд өнөөдрийг хүртэл 74 бүтэн марафоныг дуусгаад буй нь Бостоны марафоны аварга Desiree Linden-ий “keep showing up” гэх хэлцийг тарни мэт сэтгэлдээ бясалган давтсаар ирснийх нь баталгаа гэлтэй.

"Орегон -2022 " хөнгөн атлетикийн ДАШТ нь Б.Сэр-Одын тасралтгүй оролцож буй 10 дахь ДАШТ болох бөгөөд марафоны төрөлд түүний энэ амжилтад дөхөж очих нь бүү хэл ойртох ч хүн байхгүй. Бүхэл бүтэн хөнгөн атлетикийн спортын түүхэнд ердөө 2 тамирчин ДАШТ-д 10 болон түүнээс дээш удаа мөрөө гаргасан байдаг нь спорт алхааны төрлийн тамирчид болох Португалын Жоао Вейра 11, Испанийн Есүс Анхел Гарсиа 13 нар юм. (Энд К.Деннехи алдаа гаргасан байна. Хөнгөний ДАШТ-д 10 болон түүнээс дээш оролцсон тамирчин хоёр биш гурав байдаг бөгөөд 11 удаа оролцсон спорт алхааны Сюзанна Фейторийг орхигдуулж. Орч)

Тамирчин хүний шандсыг хамгийн ихээр сорьдог, олон олон зуун аавын хөвгүүд, ээжийн охид бэлд нь хүрэхгүй буцдаг марафоны спортын дэлхийн ноён оргилд тэрбээр тасралтгүй 20 жил шантарч, мохохгүйгээр хэрхэн үлдсэн юм бол?

Б.Сэр-Од хэлэхдээ “Хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, би гүйлтийн спортод хайртай. Миний баяр баяслын эх ундарга. Хол замд гүйхдээ би хорвоогийн хамгийн жаргалтай нэгэн болчихдог. Харин нөгөө нэг шалтгаан нь миний дасгалжуулагчаар 17 жил ажиллаж буй гэргий минь. Хажууд минь түшиж тулж, зоригжуулж байгаа нь энэ бүхнийг улам бүр утга учиртай, үнэ цэнтэй болгодог юм”.

Монгол улс дэлхийн энтэй холын зайн гүйгч тийм ч олон байдаггүй нутаг юм шиг санагдаж болох ч үүнд давтагдашгүй хүчин зүйл, учир шалтгаан бас бий. Өвлийн улиралд агаарын температур нь өдөртөө цельсийн - 15° C, шөнөдөө -40° хүрэх нь ч бий.

Бат-Очирын хувьд жилийн турш тогтвортой бэлтгэл хийхийн тулд жавар тачигнасан өвлийн саруудад дөрөв, таван хувцас давхарлан өмсөөд, мөстөж хөлдсөн зам дээгүүр гүйгээд нэг юм уу хоёр цагийн дараа буцаж ирэхэд машин нь асаалттай байж байдаг. Бушуухан шиг дулаацаж авахын тулд ингэхээс өөр аргагүй.

Тэрээр Монголын баруун хязгаар, далайн түвшнээс дээш 2000 орчим метрийн өндөрт орших Говь -Алтайд төрж, өссөн бөгөөд түүнийг 12 настай байхад нь тэднийх нийслэл Улаанбаатар хотод нүүж иржээ.

Сэр-од сургуульд байхдаа гүйлтийн спортоор анхны тэмцээнд оролцохдоо л түрүүлжээ. " Тэр цагаас хойш би гүйхийг хүсдэг болсон" гэж тэр хэлэв.

Тэрээр 14 настайгаасаа энэ спортод нухацтай хандаж,тууштай хичээллэхээр шийджээ.

"Би тийм ч сайн гүйж байгаагүй, гэхдээ Сиднейн олимпын үеэр би марафон гүйлт үзэж, холын зайд гүйх нь надад үнэхээр таалагдсан. Тэгээд л би дараагийн олимпод марафоноор оролцоно өөрөө өөртөө хэлж,зорилго тавьсан".

Тэрээр 2002 онд анхны марафон гүйлтээ хийсээ бол жилийн дараа Парист болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2:26:39 секундийн амжилтаар Монголын рекордыг 10 минутаар ахиулсан.

"Би яаж бэлтгэл хийхээ мэдэхгүй байсан" гэж тэр хэлэв. "Намайг марафонд гүйж эхлэх үед надад түүх, туршлага бараг байгаагүй . Хэд хэдэн марафон гүйсний дараа "Би амжилтаа ахиулахын тулд дараагийн алхмыг хэрхэн хийх вэ?" хэмээн бодож эхэлсэн.

Тэрээр 2004 оны Афины олимпод анх удаа оролцож, 2:33:24 цагийн амжилтаар 74-р байр эзэлсэн ч Бээжинд болох дараагийн олимпод оролцох эрхээ авахын тулд амжилтаа ихээхэн ахиулах шаардлагатай байв.

Олимпын эрх олгох цаг 2:14 орчим байсан бөгөөд бүгд надад “Монголчууд марафон гүйж чадахгүй. Чи ийм цагт марафоныг ийм хугацаанд туулж чадахгүй" гэцгээж байлаа. Хэдэн жилийн өмнө Английн домогт марафонч бүсгүй Паула Рэдклифф 2:15 гүйсэн байсан юм. Хүн бүр надад “Чи эмэгтэйчүүд шиг гүйж ч чадахгүй байж яаж 2:14 гүйх гэж байгаа юм бэ?" хэмээн асууж байлаа. Гэвч би бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэн хийсээр л ..."

Тэрээр 2008 онд 2:14:15 гүйж, Олимпын эрх авч байсан бол 2010 онд 2:12:35, 2011 онд 2:11:35 болж улсынхаа рекорд амжилтыг шинэчилсээр байв.

2011 онд БНСУ-ын Дэгү хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэрээр хамгийн сайн амжилтаа үзүүлсэн. Дэлхийд 19-р байр эзэлнэ гэдэг амаргүй. Дараа жил нь Сэр-Од улсынхаа рекордыг 2:11:05 болгон дахин шинэчилсэн.

2009-2012 онд Сэр-Од эхнэрийнхээ эгч, нөхөр хоёрын хамт амьдардаг Их Британид ихэнх цагийг өнгөрөөсөн. Бэлтгэл хийх клуб хайсаар "Морпет Харриерс" -ийг олж, тэнд тус клубийн нарийн бичгийн дарга Майк Бэтмэний бодож олсон "Зигги" хочтой болжээ.

2014 онд тэрээр Япон руу нүүн амьдралын нэгэн шинэ хуудсыг нээн, NTN корпорацын багтай мэргэжлийн гэрээ байгууллаа. Тухайн оныхоо арван хоёрдугаар сард Сэр-Од Монголын рекорд амжилтыг 2:08:50 болгон шинэчилж, дараах жилүүдэд томоохон тэмцээн болгонд бэлтгэл сургуулилтаа ямар ч байсан хамаагүй оролцсоор байв.

Тэрээр 2016 оны Риогийн наадмын өмнө бэртлийн асуудалтай байсан бөгөөд энэ нь 2018, 2019 онд энэ гэмтэл бэртэл нь сэдэрсэн. Шинэ багийн дасгалжуулагчийнхаа шаардлагын дагуу бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлснээс энэ нь үүдэлтэй юм.

"Зигги" өнгөрсөн оны хоёрдугаар сард Бива нуурын марафонд 2:09:26 секундийн амжилт үзүүлэн "Токио-2020” олимпын эрхээ авсан бөгөөд олимпын өмнө тун сайн формтой байлаа. Түүний сүүлчийн бэлтгэл нь Японы Читосе хотод болсон бөгөөд чухам тэнд л бүх зүйл буруугаар эргэв.

Сэр-Од тохируулга хийх боломжгүй агааржуулагчтай хуучин зочид буудалд байрлаж байсан бөгөөд өрөөний температур шөнө хүйтэн салхиар үлээгддэг байснаа удалгүй халдвар авч, гурван өдрийн турш халуурчээ.

"Хэдийгээр эдгэрсэн ч нэг л сайнаар өөрийгөө мэдрэхгүй байсан" гэж тэр хэлэв. "Миний бүх хүч чадал, тамир тэнхээ , эрч хүч минь алга болсон"

Гэсэн хэдий ч тэр хичээгээд үзэх хэрэгтэй болсон юм.

Саппород болсон "Токио-2020" олимпын марафон гүйлтийн тэмцээнд Сэр-Од гараанаас тун хүчтэй гарсан ч 14 км-ийн дараа гуяны булчингууд зангирч байгааг мэдэрсэн нь түүнийг "гэртээ хийх гэж битгий оролдоорой" (don’t-try-this-at-home) гэдэг шиг ер бусын шийдлийг олоход хүргэв.

"Хөлөө өргөхөд хэцүү байсан тул би энгэрт дугаараа тогтоосон сүлбээр зүүнээс нэгийг авч, хоёр хөл тус бүрдээ хоёр, гурван удаа хатгасан" гэж тэр хэлэв. "Энэ нь гуяны булчинг суллахад тусалсан бөгөөд үр дүнд нь уралдаанаа үргэлжлүүлж чадсан ч 30 км-ийн дараа би нэг үгээр бүрэн "үхсэн" тул цаашаа гүйх бүү хэл хөдлөх ч боломжгүй болсон...Ингээд л миний хувьд олимп маань өндөрлөсөн дөө".

Олимпын дараах хэдэн сард тэрээр сэтгэлээр унаж, хар бараан үеийг туулсан ч эхнэр, дасгалжуулагч Оюунтуяа нь түүнийг энэ байдлаас нь татаж гаргажээ.

"Тэр надад "Чи энэ байдлаа өөрчлөхийн тулд дараагийн зорилгодоо тодорхойлох хэрэгтэй. Бүх зүйл дуусах болоогүй байна" гэж хэлсэн. Би ч Парисын олимпод оролцох шийдвэр гаргаж, тэр зорилгодоо хүрэхийн тулд бүхнийг дахин шинээр эхэлж, бүх анхаарлаа тийшээгээ төвлөрүүлж ажиллахаар шийдсэн."

NTN-тэй байгуулсан гэрээний хугацаа нь дуусахад Бат-Очир өөрийн төлөөлөгч Бретт Ларнераас тусламж хүсэж, шинэ ивээн тэтгэгч хайжээ. Ларнер Японы гүйлтийн ертөнцийг хэнээс ч дутахгүй сайн мэддэг бөгөөд түүнийг тамирчдыг ивээн тэтгэдэг Shin Nihon Jusetsu Co., Ltd хэмээх компанитай холбож өгсөн аж.

Одоо тус компани түүнийг Парисын олимпод оролцох хүртэл нь дэмжиж, Жамбалдорж (19 настай), Номин-Од (12 настай), Наран-Од (6 настай) , Уран-Од ( 2 жил) гэсэн дөрвөн хүүхдийн аав Сэр-Одын мөрөөдөл, зорилгоо биелүүлэх замаа цаашид үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Одоо Сэр-Од долоо хоногт 150-200 км замыг туулж байгаа бөгөөд тун удахгүй АНУ-ын Южин хотноо эхлэх "Орегон-2022" хөнгөн атлетикийн ДАШТ-д Дэгүд болсон ДАШТ-д үзүүлсэн 19-р байраа ахиулах зорилготой байгаа.

Хэзээ нэг цагт тэмцээнд оролцохоо больж, гүйлтийн пүүзээ ханандаа өлгөх үед Сэр-Од Японы корпорацын системд дасгалжуулагчийн ажилд шилжихээр төлөвлөж байгаа ч тэр өдөр холын хол санагдаж байна.

"Би мэргэжлийн түвшинд өрсөлдөх чадваргүй болсон ч сонирхогчид гүйсээр л байх болно" гэж тэр хэлэв.

Тэр үед түүний гүйх шалтгаан нь Монголын баруун хэсэгт хүүхэд байхдаа зүгээр л гүйхийг хүсдэг байсантай адил байх болно.

"Би өөрийнхөө баяр баясгалан, эрүүл мэнд, сэтгэлийн амар амгалангийн төлөө гүйсээр л байх болно" гэж тэр хэлэв. "Би аль чадах чинээгээрээ , аль болох урт удаан хугацаанд энэ бүхнийг үргэлжлүүлэн хийнэ"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top