Алтанширээ нутагт минь яруу найраг шиг ярьдаг өвгөд олон байсан болохоор тэдний маань хэлж ярьж байсан нь үе үе санаанд буух нь сайхан. Өдгөөгөөс хорь гаруй жилийн өмнө нутгийн буурал Очир гуайтай хээрийн бэлчээрт тааралдаж, дөрөө амсхийлгэн энэ тэрийг хөөрч суулаа. Тэрээр залуу зандан наснаасаа эхлээд энэ зах зээлийн нийгэм хүртэл багийн тоо бүртгэгч, багийн даргын алба хашиж явсан хүн. Дөрвөн цагийн эргэлтэд, цас шуурга, нар сарны алинд ч морины нуруу амрааж, мотоциклийн дуу таслаагүй хүн дээ. Миний багад л ийм өвгөн байсан даа. Шөнөжин бороо шивэрсэн чийгтэй талд хурц нар ёстой л нэг төөнөж байв. Ойрдоо хур хайрлаагүй талд өвс ногоо өнгө зассан гэж юу гэхэв.
Өвгөн ах маань зуны чийгтэй агаар дундуур дүнсний зөөлөн цэнхэр утаа угалзруулан суунгаа “Энэ цэцэгсийг хар даа. Наранд шатан угалзарч байгаа цэнхэр дөл дөө. Ёстой л тэнгэр өөд асан дүрэлзэж байна. Энэ цэцэгсийн наранд шатаж дүрэлзсэн хөх дөл дээш тэмүүлсээр тэнгэр нь ийм цэнхэр өнгөтэй ч байдаг юм билүү хэн мэдлээ” хэмээн асарлагч хөх тэнгэр рүү ширтэж билээ.
Тэгэснээ “Цэцэггүй бол энэ тал мөн ч уйтгартайяа” хэмээн шүүрс алдав. Үүнийг шадлаад бичвэл хачин гоё утга уянга бүхий шүлэг болно доо. Ийн сууснаа өвгөн өгүүлрүүн “Сая сумын холбооны үүдэнд өнөөх Нордовын хөл хүнд охин бүдрээд сүйд хийх шахав. Хэвлий рүү л шархираад явчихлаа. Одоо ч хөндүүр нь гарахгүй л байна” хэмээн монийсон гараараа хэвлийгээ тэмтрэн “Нялх амьтны заяа их юм хойно доо. Энэ сайхан хөх тэнгэр нь дээш татаж, нутгийнх нь өвс ногоо өлмийг нь түшлээ дээ хөөрхий. Ерөөсөө энэ өвс ногоо чинь бидний өлмийг ивэхийн тулд ургасан юм шиг мөн ч сайхан даа”. хэмээн шүүрс алдаж билээ. Ийм л өвгөдийн дунд өсөж өндийсөн бидний хувьд энэ зэргийн мөр шад хэлхэлгүй яахав гэж боддог доо.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Миний дарсан уран бүтээл байна. Зохиогчийн нэрийг дурдана уув