Үерийн аюулаас СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ!

2022 оны 07 сарын 10

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хөвсгөлийн зүүн, Булганы хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо орно.

 

ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ!

2022 оны долоодугаар сарын 10-ны өдрийн байдлаар Эг гол Хантай баг, Ерөө гол Ерөө сум болон Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адгаар усны түвшин  өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдэж, Эг, Сэлэнгэ мөрөн Хялгант, Зүүнбүрэн, Сүхбаатар хот орчимд олон жилийн дундаж түвшинг 35-115 см, Үүр, Балж, Онон, Хэрлэн, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см даван тус тус үерлэж байна.

Маргааш буюу долоодугаар сарын 11-нд Туул гол Алтанбулаг сум, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум Сүхбаатар хот, Ерөө гол Дулаанхаан сум, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин 5-10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Наадмын өдрүүдэд Орхон гол Сэлэнгэ мөрний сав газар болон нутгийн зүүн хэсгийн зарим газраар их хэмжээний аадар бороо орох төлөвтэй байгаа тул дээрх голууд болон  жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр байна. Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаараал халамжаа сайжруулах, зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан голд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг ЦУОШГ-аас зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top