Олон оронд сармагчны цэцэг өвчин нь нэгэнт “Олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал”-ын түвшинд хүрсэн тухай ДЭМБ долдугаар сарын 23-нд мэдэгдлээ.
“Олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал” бол ДЭМБ-аас гаргадаг сэрэмжлүүлгийн хамгийн өндөр зэрэглэл юм.
Тус байгууллагын үнэлгээний дагуу, сармагчны цэцэг өвчний дэгдэлт нь Европ тивд өндөр эрсдэлийн түвшинд хүрсэн бол дэлхийн бусад газарт дунд зэрэглэлийн эрсдэлтэй байгаа бөгөөд олон улсын хэмжээнд цаашид дэлгэрэх илт эрсдэл дагуулж байна.
Үүнээс өмнө зургаадугаар сарын 23-нд ДЭМБ-ын Онц байдлын хороо хуралдаж, зургаадугаар сарын 25-нд сармагчны цэцэг өвчин нь “олон улсын анхаарлыг татсан нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал”-ын түвшинд хүрээгүй гэдгийг зарласан бол тухайн үед дэлхийн 47 орон, бүс нутгийн нийт 3040 хүн халдвар аваад байсан юм. Харин сүүлийн нэг сар гаруйн хугацаанд олон оронд халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.
Одоогоор 75 улс орон, бүс нутгаас ДЭМБ-д мэдүүлсэн халдварын тохиолдлын тоо 16 мянгыг даваад байна. Тиймээс тус байгууллага долдугаар сарын 21-нд дахин онц байдлын хороог хуралдуулсан боловч сармагчны цэцэг өвчнийг “олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал”-ын түвшинд хүрсэн тухай мэргэжилтнүүд санал нэгдсэнгүй.
Улмаар 2005 онд боловсруулсан “Олон улсын эрүүл мэндийн дүрэм”-ийн дагуу, тус хороо ДЭМБ-ын ерөнхий захиралд санал санаачилга дэвшүүлж, ерөнхий захирал нь эцэслэн шийдэх журмын дагуу, энэхүү өвчин нэгэнт "олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал" болсон хэмээн Тедрос Адханом Гебрейюс зарлан мэдэгджээ.
Эх сурвалж: cri.cn
Сэтгэгдэл ( 0 )